m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 01:44
64
Н.Ганболд: Баялаг бүтээгчдийг дэмжих холбооныхон 21 аймагт уулзалт зохион байгуулна

"Масс" агентлагийн хамт олон "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийг эхлүүлж нийслэл, хөдөө орон нутагт ажиллаж, баялаг бүтээж буй иргэдээ олон нийтэд сурталчилж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооныхон  21 аймгийн засаг захиргаатай хамтран олон ажил хийж байгаа. Энэ талаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганболдоос тодрууллаа.

-Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо  21 аймагт салбар зөвлөлтэй болсон. Үүгээрээ дамжуулж хамтран ажиллаж байна уу?

-Тийм ээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо анхдугаар их хурлын үеэр орон нутаг дахь салбар хороог  21 аймагт байгуулсан. Тэрхүү салбар хороодын дарга нарыг сонгон баталгаажуулсан. Холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу салбар хороодтойгоо хамтран орон нутагт ажиллаж хөдөлмөрлөж байгаа баялаг бүтээгчдийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж эхлээд байна. Тухайлбал энэ сарын 4-7-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Энэ зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Аж үйлдвэрийн яамны төлөөлөл, орон нутгийн удирдлагуудтай хамтран оролцсон ба холбооны үйл ажиллагаа, хэтийн зорилго, мөн төр засгаас жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийж баялаг бүтээгчид холбоонд гишүүнээр элсэх арга хэмжээ болсон. Үйлдвэрлэгчид хоорондоо  туршлагаа солилцохын зэрэгцээ Баялаг бүтээгчдийг дэмжих холбоогоор дамжуулан санаа бодлоо илэрхийлэх ажил явагдсан. Үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдсантай холбоотой Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох мэдээлэл өглөө. Мөн   Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтэн, ЖДҮ-ийг дэмжих төвийн ажилтан Б.Минжитцэцэг мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулж санал бодлоо хуваалцлаа.

-Сэлэнгэ  болон Дорнод аймагт ажилласан гэсэн. Ямар арга хэмжээ болж, хэр үр дүнтэй байна вэ?

-Манай төслийг орон нутгийн удирдлага байнга дэмжин ажилладаг. Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутагт байрлах Амарбаясгалант хийдэд Гонгорын бумбаны тахилга гэх  шашны томоохон арга хэмжээ жил бүр болдог. Энэ жил тус аймгийн удирдлага уг арга хэмжээг хамтран зохион байгуулах шийдвэр гарган биднийг  урьсан юм.  Нэг талаасаа шашны том зан үйл боловч нөгөө талдаа Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгч иргэдийг олон нийтэд таниулах, Сэлэнгэ брэндийг гаргах том боломж юм билээ.

Бумбын тахилгын арга хэмжээнд багадаа 10, хамгийн ихдээ 20 мянган хүн  ирдэг учир тус аймгийнхан өөрийн брэндээ танилцуулах, худалдан борлуулах боломж нэмэгддэг нь харагдсан. Сэлэнгэ аймгийнхан төсөлд хамрагдан, холбоонд гишүүнээр элсэж, цаашид хамтран ажиллах болсон.

Дорнод аймагт баялаг бүтээгчдийн уулзалтыг зохион байгуулсан. Иргэд өөрт тулгарч буй бэрхшээл, цаашид ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа. Тус аймгийн удирдлагууд, жижиг дунд үйлдвэр эрхэлсэн  мэргэжилтнүүд  болон Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл уг уулзалтанд оролцож Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл, холбоотой хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Тус аймгийн 18 иргэн холбооны гишүүнчлэлд шинээр орсон. 

Сүхбаатар, Өвөрхангай аймаг, Налайх дүүрэгт ажиллах төлөвлөгөөний дагуу эхний баг замдаа гарлаа

 

    

  

  

-Одоо хэд хэдэн аймагт ажиллах гэж байгаа гэсэн үү?

-Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо аймаг бүрт уулзалтыг зохион байгуулна. Сүхбаатар, Өвөрхангай аймаг, Налайх дүүрэгт ажиллахаар төлөвлөгөөний дагуу эхний баг өнөөдөр замдаа гарлаа.

Налайх дүүргийн баялаг бүтээгчдийн уулзалт зөвөлгөөнд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганболд, Аж үйлдвэрийн яамны СХБЗ-ын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Налайх хотын "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв"-ийн дарга Д.Энхтуул, Налайх хотын Захирагчийн ажлын албаны дарга н.Пүрэвжамц болон албаны хүмүүс оролцож иргэдэд өөрсдийн үйл ажиллагаа болон төрөөс баримталж буй бодлогыг танилцуулж, үйлдвэрлэгчдийнхээ санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр мөн Налайх хотын баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдаа гарсан.Мөн энэ үеэр хүрэлцэн ирсэн Аж үйлдвэрийн яамны хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр уулзалт зөвөлгөөнд хүрэлцэн ирсэн нийт баялаг бүтээгч, төлөөлөгчдөд төрөөс гаргасан бодлого шийдвэр, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөө хийж буй шинэчилсэн хуулийн төсөл, дүрэм журмыг танилцууллаа.

 

Аймгуудад зохион байгуулах уулзалтын үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих төслийн үйл ажиллагаа үргэлжилж орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нарыг дэмжин сурталчлах ажил давхар явагдах юм. Бидний үйл ажиллагааг олон нийт, орон нутгийн удирдлагууд  дэмжиж тусалж байгаад талархал илэрхийлье.

-Та бүхний ажилд амжилт хүсье.