m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.21 09:39
44
Ц.Оюунгэрэл Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэрийг өнөөдөр /2015.08.21/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын сонгон авсан гэр хорооллын аль нэг хэсэгт хөрс бохирдуулахгүй аргаар гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах, био хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ, "Улсын Их Хурлын дарга З.Энхболдын үүрэг болгосны дагуу энэ чиглэлийн хамтын ажиллагаанд өөрийн зүгээс дэмжлэг үзүүлнэ" гэлээ.

Улаанбаатар хотод их хэмжээний хөрсний бохирдол үүсгэж байгаа гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хөрсний бохирдлыг зогсоох, орчин болон иргэдийн эрүүл ахуйг сайжруулах нь нэн тулгамдсан асуудал болохыг тэмдэглээд, энэ чиглэлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжтой гэдгийг Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч ноён Роберт Шоэллхаммэр уулзалтын үеэр онцоллоо.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Улсын Их Хуралд өргөн бариад байгаа Хог Хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  хот суурин газар дахь гэр хорооллын ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах асуудлыг тусгаж оруулсан болохоо танилцуулаад, Улаанбаатар хотод жишиг болохуйц шийдлийг гаргах нь аймаг, сум, суурин газруудад хэрэгжүүлэх томоохон шинэчлэлийн эхлэл болно гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн өнгөрсөн 07 дугаар сард Хөвсгөл аймгийн зарим суманд ажиллаж, хөрсний бохирдлын талаар танилцуулж, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн эко шийдлийн талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулсан бөгөөд өөрийн удирддаг Нутгийн Шийдэл сангийн хүрээнд энэ чиглэлийн төслүүдийг дэмжиж ажиллаж буйгаа танилцуулав. Мөн таван байрлалд 15 оюутны оролцоотойгоор байгуулсан био ариун цэврийн байгууламжийн төслийн тайлангийн арга хэмжээг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах тул Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч, хотын ерөнхий менежер нарт  уг арга хэмжээнд оролцох урилгыг уламжиллаа.

Уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн  ажлын албаны дарга Б.Бадрал болон албаны бусад хүмүүс байлцав.