m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.23 04:26
59
Албан бус үр үржүүлэгчдэд зорилусан сургалт боллоо

“Монгол төмс” хөтөлбөрөөс “Албан бус үр үржүүлэгчдэд зорилусан сургалт”-ыг Чингис хотноо зохион байгуулжээ. Тус сургалтыг Зүүн, Говийн ба Төвийн бүсийн албан бус үр үржүүлэгчид, үрийн хянан батлагч агрономчид, “Монгол төмс” хөтөлбөрийн ажилтнууд удирдан явуулж байгаа юм. Сургалтанд Хэнтий, Дорнод,Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ аймгийн 50 гаруй албан бус үр үржүүлэгчид хамрагдаж байна. Сургалтаар “Төмсний үрийн аж ахуйн систем, нутагшсан сортууд”, “ Төмсний өвчин, түүнтэй тэмцэх цогц арга хэмжээ”, “Бизнес төлөвлөгөө хийх, бизнес төсөл боловсруулах” зэрэг олон сэдвээр орон нутгийн албан бус үр үржүүлэгчдэд мэдлэг олгохоос гадна талбайн сургалт, харилцан туршлага солилцох, чөлөөт ярилцлага зэрэг үйл ажиллагааг зохион явуулах юм.
“Монгол төмс” хөтөлбөрийг манай улсад Швейцарийн хөгжлийн агентлаг 2004 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн нэгдүгээр шат 2004-2007 оны хооронд явагдаж, төмсний үрийн хангалтын төвлөрсөн системийг задалж, үндэсний хэмжээнд сайн чанарын үр үйлдвэрлэн, түгээх сүлжээг бий болгосноор төмс үйлдвэрлэлийг тогтвортой үр ашигтай явуулах суурийг тавьж өгсөн ажээ.

Харин хөтөлбөрийн хоёрдугаар шатыг 2008 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоо тус хөтөлбөрт төвийн болон бүсийн дөрвөн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас төмсний элит үр үйлдвэрлэх лиценз авсан 4 үрийн компани, хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн 72 сумаас сонгож авсан 102 албан бус төмсний үр үржүүлэгч фермерүүд хамрагдаж, нийтдээ 204 гаруй га талбайд Импала, Витара, Санте, Романа сортуудыг усалгаатай ба усалгаагүй нөхцөлд тариалсан ба нэгжийн ургац нь 150-380 цн/га хүрсэн нь одоогийн манай улсын дунджаас даруй 2-4 дахин их байгаа нь тухайн сорт Монгол орны нөхцөлд сайн чанарын өндөр ургац өгөх боломжтойг харуулж байна.

Энэхүү хөтөлбөрийн хоёр дахь шатны арга хэмжээ бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсад төмсний үр үйлдвэрлэлийн систем бүрэн шинэчлэгдэж, төмсний аж ахуйн салбар газар тариалангийн биеэ даасан, үндсэн салбарын хэмжээнд хөгжиж, Монгол Улс төмснийхөө хэрэгцээг дотоодынхоо үйлдвэрлэлээр бүрэн хангах боломж бүрдэх юм.