m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 05:46
58
Сайд нарын нэрсийг намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МАН-ын зургаан сайдыг УИХ-аас чөлөөлснөөс хойш Ерөнхий сайд наймдугаар сарын 7-нд захирамж гарган, Засгийн газрын гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд сайд нарын үүргийг зарим сайд нарт хариуцуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу яамдын ажил хэвийн үргэлжилж, Засгийн газрын хуралдаан товлосон хугацаандаа тогтмол хуралдаж, асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гарган ажиллаж байна.

Зургаан сайдыг томилох асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тул Ерөнхий сайд сайд нарын нэрсийг аравдугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Ээлжит бус чуулган зарлан, хуралдах нь УИХ-ын бүрэн эрх. Ээлжит бус чуулган хуралдсан ч сайд нарын нэрсийг өргөн барих боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан гэж Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдэгдсэн юм.

Сайд нарын нэрсийг аравдугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй гэж үзлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх долоо хоногт газар тариалангийн бүс нутагт ажиллана.  Мөн есдүгээр сарын 10-ны үеэр БНХАУ-ын  Төрийн зөвлөлийн дарга Ли Көцянтай уулзах уулзалтыг товлосон байна.

Засгийн газар цаг үе, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа учраас Ерөнхий сайд сандал ширээний асуудал ярихаасаа илүү эдийн засгийг эрчимжүүлэх болон бусад асуудлаар шуурхай ажиллах нь зүйтэй гэж үзэж байгааг онцоллоо.

Сандал ширээний асуудал ярихаасаа илүү эдийн засгийг эрчимжүүлэх болон бусад асуудлаар шуурхай ажиллах нь зүйтэй гэж үзэж байгааг онцоллоо