m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 10:26
207
Улс төрийн намууд анх удаа эвслийн Засгийн газар байгуулан ажиллаж эхлэв

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд манай сонин цувралаар түүх өгүүлэх нийтлэлийг хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа 2004-2008 оны буюу парламентын дөрөв дэх удаагийн сонгуулиас бүрдсэн Их хурлыг танилцуулж байна.  

2004 оны сонгуулийн дүнд байгуулагдсан Монгол Улсын Их Хуралд суудал авсан улс төрийн хүчнүүдэд хамтран эвсэж төр, засгаа бүрдүүлж ажиллах итгэлийг сонгогчид хүлээлгэсэн өвөрмөц бүрэлдэхүүнтэй парламент байв. Өмнө нь нэг нам хэт олонхи болж байсан бол энэ удаа ард түмэн АН, МАХН аль алинд нь тэнцүү хэмжээний суудал олгосон. Тиймээс энэ УИХ манай орны улс төрийн амьдралын нэн хариуцлагатай үед өөрийн бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн гэдэгтэй ямар ч хүн маргахгүй.

Тэгвэл парламентын дөрөв дэх удаагийн сонгуульд улс төрийн долоон нам дангаараа, гурван нам эвсэл болж оролцсоноос МАХН 37, “Эх орон-Ардчилал” эвсэл 35, Бүгд найрамдах нам нэг суудал тус тус авч, бие даан нэр дэвшсэн гурван нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм. Ингэж сонгуулийн дүнд улс төрийн томоохон хүчнүүдийн харьцангуй тэнцвэртэй төлөөлөл бүхий, парламентын олонхи, цөөнхгүй өвөрмөц парламент бүрдсэн нь парламентад суудалтай улс төрийн гол хүчнүүдэд хамтран зөвшилцөж ажиллах түүхэн шинэ боломж нээж өгснөөрөө онцлогтой байлаа. Тиймээс сонгуулийн дүнгээр хамгийн олон суудал авсан МАХН “Эх орон-Ардчилал” эвсэлтэй ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, улс нийгмийнхээ хөгжил дэвшлийн төлөө харилцан хяналттай, хамтран ажиллах улс төрийн зөвшилцөөнд хүрч, “Зөвшилцлийн гэрээ” байгуулан хамтарсан Засгийн газар байгуулав.

Гэвч УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвсэл 2004 оны 12 дугаар сард татан буугдсан хэдий ч төр, засгийн тогтвортой ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Ардчилсан намын болон ИЗБН-аас Улсын Их Хуралд сонгогдсон нэр бүхий 26 гишүүн УИХ дахь МАХН-ын бүлэгт өөрсдийн саналаар нэгдэн орж ажиллажээ. Харин 2005 оны долдугаар сард Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг дангаараа ажиллах болсон тухай шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Ингэснээр Үндэсний эв нэгдлийн Засгийн газар өөрчлөгдөж, хамтарсан шинэ Засгийн газар байгуулагдсан байна. Ийм нөхцөл байдалд парламентын баримтлах гол зарчим нь улс төрийн намууд харилцан зөвшилцөж, өөр өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ улс орон, ард түмнийхээ эрх ашиг, үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллах явдал байв. Энэ удаагийн УИХ ийм хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, Монголын парламентат ёсны хөгжлийн ээдрээтэй бөгөөд сургамжтай үеийн түүхийг бүтээсэн гэж хэлж болно.

Энэ Их хурал бүтцийн хувьд өөрийн зохион байгуулалтын хэлбэр болох Байнгын хорооны бүрэлдэхүүнд нийт гурван удаа өөрчлөлт оруулж, 2004 оны наймдугаар сард долоон Байнгын хороотой үйл ажиллагаагаа эхэлжээ. Харин 2004 оны 12 дугаар сард 11-нд Байнгын хороотой болж, 2006 оноос Байнгын хороодын тоог цөөрүүлэн долоо болгожээ. Үүнд:

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо (даргаар нь М.Энхсайхан, Р.Гончигдорж, Б.Мөнхтуяа нар сонгогдон ажилласан)

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (Ч.Раднаа, А.Бакей, Я.Санжмятав)

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо (С.Ламбаа, Т.Ганди)

-Төрийн байгуулалтын байнгын хороо (Су.Батболд, Д.Дондог)

-Төсвийн байнгын хороо (Р.Бадамдамдин, Ч.Улаан, Л.Пүрэвдорж)

-Хууль зүйн байнгын хороо (Д.Одбаяр, Ц.Мөнх-Оргил, Ц.Шаравдорж)

-Эдийн засгийн байнгын хороо (Ц.Дамиран, Л.Гантөмөр, Д.Ганхуяг) нар ажиллаж байсан билээ.

2004-2008 оны парламент нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд нийт 89 хууль батлан гаргаж, 336 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, олон улсын 68 гэрээ, конвенцийг соёрхон баталж, 50 хууль, хуулийн зүйл, заалтууд хүчингүйд тооцсон тухай хууль баталжээ. Ингэснээр Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлан гаргаснаар эрх зүйн шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлсэн бол Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг батлан гаргаж байсан юм. Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль баталснаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, хангамжийн асуудлыг зохицуулсан бие даасан хуультай болсон билээ. Үүний зэрэгцээ хүлээгдэж байсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлан гаргаж эрчим хүчний төвлөрсөн систем, бүс нутгийн эрчим хүчний найдвартай, бие даасан ажиллагааг хангах, алслагдсан сум, суурин газрууд, малчин айл өрхийг цахилгаанаар хангах зорилтыг үе шаттайгаар шийдвэрлэх боломжтой болсон.

Олны анхаарлын төвд байсан хуулиудын нэг нь Авлигын эсрэг хууль байлаа. Мөн хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөнийг дэмжин Үндэсний радио, телевизийг Засгийн газрын хараат бус болгож Олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлан гаргаж өөрчлөн зохион байгуулснаар өнөөдрийг хүртэл уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Ашигт малтмалын тухай (шинэчилсэн найруулга), Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга), Төмөр замын тээврийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай, Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга) зэрэг томоохон хуулиуд батлан гаргасан юм. Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай (шинэчилсэн найруулга), Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай зэрэг хуулиуд баталж нийгмийн халамж, хамгаалал, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авчээ.

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай зэрэг парламентын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сонгуулийн шинэ тогтолцоог батлан хэрэгжүүлжээ.

Эх сурвалж: /"Өдрийн сонин" 2015.08.22/