m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.24 11:06
81
Налайх хотын баялаг бүтээгчдийн зөвөлгөөн боллоо

"Масс агентлаг"-аас санаачлан "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хөтөлбөрийг эхлүүлэн нийслэл болон хөдөө орон нутгийн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж, улмаар "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" байгуулан өнөөдрийн байдлаар 800 гаруй гишүүнтэй болжээ. Өнгөрсөн  зургаадугаар сард холбооны анхдугаар их хурлыг төрийн ордонд зохион байгуулж удирдах зөвлөл болон орон нутгийн салбар зөвлөлөө байгуулснаар үйл ажиллагааныхаа хүрээг улам бүр тэлж байна.

Энэхүү "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүд холбооны үйл ажиллагаагаа сурталчлах, Масс агентлагаас санаачлан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн зорилго зорилтыг танилцуулах ажлыг 21 аймагт зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Дархан, Сүхбаатар аймагт ажилласан бол өнөөдөр ийнхүү Налайх хотын баялаг бүтээгчдийн зөвөлгөөнийг зохион байгууллаа.

Уулзалт зөвөлгөөнд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганболд, Аж үйлдвэрийн яамны СХБЗ-ын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Налайх хотын "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв"-ийн дарга Д.Энхтуул, Налайх хотын Захирагчийн ажлын албаны дарга н.Пүрэвжамц болон албаны хүмүүс оролцож иргэдэд өөрсдийн үйл ажиллагаа болон төрөөс баримталж буй бодлогыг танилцуулж, үйлдвэрлэгчдийнхээ санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр мөн Налайх хотын баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдаа гарсан байлаа. 

Уулзалт зөвөлгөөнийг нээж  "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр хэлсэн үгэндээ:

"Манай холбоо байгуулагдаад хэдхэн сар болж байгаа ч өнөөдөр 800 гаруй гишүүн аж ахуйн нэгжүүдийг эгнээндээ нэгтгэлээ. Бид зөвхөн нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт байгаа бүхий л үйлдвэрлэгчдээ олон нийтэд сурталчлан таниулж, дэмжин ажиллаж байна. Манай холбоо анх удаа бүх салбарыг хамруулж чадсан солонгорсон холбоог бий болголоо. Өөрөөр хэлбэл энэхүү "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-нд хүнсний болон хүнд, хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдээс гадна оюуны баялаг бүтээгчид маань ч оролцож байгаа гэдгээрээ онцлог юм. 

Өнөөдөр бидний энэхүү зохион байгуулж буй уулзалт зөвөлгөөнд хүрэлцэн ирж оролцож байгаа төр засгийн төлөөлөл болон нийт үйлдвэрлэгчид, төлөөлөгчиддөө холбооныхоо өмнөөс талархалаа илэрхийлье" гэлээ. 

Мөн энэ үеэр хүрэлцэн ирсэн Аж үйлдвэрийн яамны хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр уулзалт зөвөлгөөнд хүрэлцэн ирсэн нийт баялаг бүтээгч, төлөөлөгчдөд төрөөс гаргасан бодлого шийдвэр, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөө хийж буй шинэчилсэн хуулийн төсөл, дүрэм журмыг танилцууллаа.

Түүнчлэн Налайх хотын Захирагчийн ажлын албаны дарга н.Пүрэвжамц болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Энхтуул нар үг хэлж нутгийнхаа баялаг бүтээгчдийг хэрхэн дэмжих болон цаашид яаж хамтран ажиллах талаарх бодлогын асуудлуудаа танилцуулсан юм.

Уулзалтын төгсгөлд иргэд үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсон тэдний асуултад зохих албаны хүмүүс хариулт өглөө. Мөн Налайх хотын жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг  үзэж сонирхлоо.

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр

-Энэхүү уулзалтыг хөдөө орон нутгийн 21 аймагт зохион байгуулна гэж байсан. Өнөөдрийн энэ Налайх хотын уулзалт ямар онцлогтой байв?

-Манай "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл маань 2015 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжихийн зэрэгцээ баялаг бүтээгч үйлдвэрлэгчиддээ тулгамдаж буй олон асуудлыг сонсож, мэдэж авсаны үндсэн дээр тэднийхээ дуу хоолойг төр засагт хүргэх зорилготойгоор холбоогоо байгуулсан. Энэ холбоо маань Монгол Улсын хамгийн анхны солонгорсон холбоо болж чадсан. Улмаар анхдугаар их хурлаа зургаадугаар сард хийж бага хурлын гишүүд, удирдах зөвлөлөө сонгож батламжилсан. Харин удирдах зөвлөлийн гишүүд маань холбоогоо сурталчилан, Масс агентлагаас санаачлан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн зорилго зорилтыг танилцуулах ажлыг 21 аймагт зохион байгуулж байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Дархан, Сүхбаатар аймагт аймагт ажилласан. Харин өнөөдөр ийнхүү Налайхыг хот болсоноос хойш анх удаа манай холбоо зөвөлгөөн зохион байгуулж байна. Үүнийг маань ч Налайх хотын иргэд үйлдвэрлэгчид баяртай хүлээн авч байна.

-Налайхчуудын хувьд ямар асуудлыг голчлон тавьж байна?

-Налайх хотын баялаг бүтээгчид юуны өмнө төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа уламжлахын зэрэгцээ эрчим хүчний үнэ өндөр байгаа талаар болон үүн дээр ямар нэг хөнгөлөлт авах боломж байдаг эсэх талаар холбогдох байгууллагуудад нь уламжилж өгөхийг хүсч байна.

Холбоо бол үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүний борлуулалтыг нь дэмжих, тэдэнд тохиолдож буй бэрхшээл, тулгамдсан асуудлыг төр засагт уламжлах зорилготой байгуулагдсан. Бидний хийж буй төсөл хөтөлбөр ч энэ тал дээр илүү анхаарал хандуулсанаар ажлын маань үр дүн эхнээсээ харагдаж байна. Зарим аймаг баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарлаж тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж эхэлсэн. Мөн манай Баялаг бүтээгчдийг дэмжих төслийг нутагтаа ирж ажиллахыг урьж байна. Мөн Налайх хот гэхэд "Өөрсдийнхөө бүтээгдэхүүнээ өөрсдөө авч хэрэглэе" гэсэн уриалга гаргасан байна.

Энэ мэтчилэн бид олуулаа нийлж нэгдэн хамтдаа ажиллаж чадвал үйлдвэрлэлээ хөгжүүлэх бүрэн боломж байна. Төр засагт нөлөөлж, дуу хоолойгоо хүргэж чадаж байна. Мөн орон нутагт мэдээлэл хомс байдгаас олон дэмжлэг, тусламж, боломжид хамрагдаж чадахгүй байх явдал их байдаг юм байна. Үүн дээр Масс агентлаг голчлон анхаарч ажиллаж байгаа.

Харин холбоо маань үйлдвэрлэгчдийнхээ санал хүсэлт, тэдэнд тохиолдож буй бэрхшээл зэргийг төр засагтаа албан ёсоор хүргэх гүүр нь болж байгаа юм.

Тэгэхдээ үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид маань төр засгаас дэмжлэг аваад эргээд өөрсдөө шинэ технологи нэвтрүүлж, ажлын байр бий болгох, чанар стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай болж байгаа юм гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

"Баваа гүн" компанийн зөвлөх Б.Банзрагч

Анх удаа Налайх хотод шинэ стандартын вакум цонх үйлдвэрлэж худалдаанд гаргасан. Бид улсад байхгүй хамгийн сүүлийн үеийн маш их үнэтэй тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Манай үйлдвэрийн хувьд хүмүүсийн захиалгаар бүтээгдэхүүнээ гаргаж байгаа боловч цаашдаа бас худалдан авагчдынхаа тоог нэмэхсэн гэсэн бодолтой байдаг. Өнөөдөр энэхүү зөвөлгөөн зохион байгуулж байгаад миний зүгээс маш баяртай байна. "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" яг л нүдээ олсон ажлыг хийгээд байгаа юмуу гэж би харж байгаа. Цаашдаа бас энэ холбоонд элсэн өөрсдийнхөө дуу хоолойг төр засагт хүргэхээс гадна бүтээгдэхүүнээ сурталчлуулах сонирхолтой байгаа юм.

"Асалмура" компанийн захирал н.Гүлмаяра

Манайх Казак үндэсний гар хатгамлыг бүтээгдэхүүндээ шингээсэн цүнх, түрийвч, гэр ахуйн хэрэгсэл үйлдвэрлэдэг. Үйлдвэрээ анх эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах зорилгоор байгуулаад долоон жил болж байна. Баян-өлгий аймаг, Налайх хотод нийлээд 100 гаруй ажилчинтай. Өнөөдрийн уулзалт зөвөлгөөнд оролцож нэлээд их мэдээллийг олж авлаа. "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл яг үйлдвэрлэгчдийнхээ дунд орж хол гэхгүй хүрч очиж байгаагаараа бусад олон төрийн болон хувийн байгууллагуудаас онцлог давуу талтай юм гэдгийг нэвтрүүлгүүдийг нь үзээд харж байсан. 

Аж үйлдвэрийн яамны СХБЗ-ын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр

-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого гарсан. Түүнийг дагаад үйлдвэржилтийг дэмжих хууль батлагдлаа. Яг энэ цаг мөчид Масс агентлагаас зохион байгуулж орон даяар явагдаж байгаа энэ арга хэмжээ төр засгаас гарч буй шийдвэрийг орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэхэд нэлээд чухал алхам болж байна гэж үзэж байна. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс үйлдвэржилтийг дэмжих тал дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хамтран ажиллахыг уриалсан байгаа. Энэ уриалгатай нийцэж, мэдээлийн үүргээ онцгой сайн биелүүлж байна гэж Масс агентлагийг үзэж байна.

Ингэснээр иргэдээс гарч байгаа санал гэхээсээ илүүтэй төр засгаас гарч буй шийдвэрүүдийг тухай бүрд нь хүмүүст зөвөөр ойлгуулж, мэдээлэл өгснөөр иргэд бас төртэйгөө хамтран ажиллах, өөрсдийн бизнес төлөвлөгөөгөө төрийн бодлого шийдвэртэй уялдуулах гэхчлэн олон сайн талуудтай юм.

-Өнөөдрийн зөвөлгөөн дээр яамны зүгээс ямар мэдээллийг голчлон хүргэв?

-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын гол үзэл баримтлал, түүнийг бизнес төлөвлөгөөндөө хэрхэн тусгаж ажиллах талаарх мэдээллийг голчлон хүргэлээ. Мөн үйлдвэржилтийг дэмжих талаар гарсан гурван дэмжлэг нь ямар агуулгатай, хэрхэн хамрагдах талаар үйлдвэрлэгчдэд тайлбарлалаа.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Энхтуул

Манай хотод ихэвчлэн оёдлын үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүтээгдэхүүний борлуулалт болон зээлийн асуудал нэлээд хүнд байдаг. Ялангуяа өрхийн үйлдвэрлэгчид зээлд хамрагдахад ихээхэн бэрхшээлтэй байдаг. Харин борлуулалтын тал дээр бид өөрсдөө илүү санаачлагатай байх ёстой гэж үзсэний үндсэн дээр энэ жил Цонжин болдог, Тэрэлж зэрэг жуулчид ихээр ирдэг газруудад үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Мөн нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллахыг уриалсан албан бичгийг албан байгууллагуудад  өгсөн байгаа. Цаашдаа Налайх хотдоо үйлдвэрлэгчдийнхээ хийсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг худалдааны төвтэй болох хүсэлтээ төр захиргаандаа уламжлаад байна.