m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 02:16
160
Ж.Бямбадорж: Бага хурлын ач холбогдлыг хэзээ ч үгүйсгэж болохгүй

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд 1990-1992 оны Улсын Бага хурлын гишүүн, Хүний эрхийн үндэсний коммиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.

- Юуны өмнө танд Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Ярилцлагынхаа эхэнд Улсын бага хурлын гишүүн байсан тэр үеийн дурсамжаасаа бидэнд хуваалцахгүй юу?

- Баярлалаа. Тэгэлгүй яахав. Ярилцлагынхаа эхэнд нэг зүйлийг онцлон дурсмаар санагдлаа. Талийгаач Б.Чимид гуай, УИХ-ын гишүүн асан н.Төмөр бид гурав анхны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Төрийн тэргүүний статусыг гаргаж ирсэн бөгөөд Улсын Их хурал, Ардын их хурлыг шинээр сонгоё. Сонгохдоо олон намын тогтолцоонд хүмүүс нэр дэвшиж, намуудын саналыг авснаар Улсын бага хурлыг байгуулж улмаар  бага хурал нь байнгын ажиллагаатай болж, Ардын Их хурал нь жилд хоёр удаа чуулдаг байхаар Үндсэн хуульд тусгасан. Тухайн үеийн Ардын их хурлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Сонгуулийн хуулийг батлуулах зэрэг хоёр асуудал тулгарсан. Тэр үед депутатуудыг зөвхөн “гар өргөдөг” хэмээн шүүмжилдэг байсан учир шинэ хуулийг батлах процесс хүнд байсан юм.  Тиймээс н.Төмөр бид хоёр тэдгээр депутатуудад хичээл заадаг байлаа. Тэдэнд Үндсэн хуулийн өөрчлөлт ямар хэрэгтэй вэ, Сонгуулийг хэрхэн явуулах нь зүйтэй талаар ярилцаж ойлгуулсан. Дараа нь боловсруулсан хуулиа аймгуудад сурталчилах аянд гарсан даа.  Миний хувьд баруун аймгуудаар явж шинээр баталсан хуулиудаа сурталчилсан. Тухайн үед намайг хичээл зааж байхад ээжийн тань бие муудлаа гэсэн мэдээг утсаар авсан. Харамсалтай нь хоёр дүүгээ аваад онгоцоор очиход тэр шөнөдөө ээж минь бурхан болсон байсан. Ингээд намайг байхгүй хооронд хууль батлагдаж байв. Улмаар байнгын ажиллагаатай парламент буюу Улсын бага хурал байгуулагдсан. Улсын бага хурлын гишүүдэд өнөөдрийг хүртэл талархаж явдаг. Учир нь Улсын бага хурал хэмээх Монголд байхгүй шинэ зүйлийг тогтоож өгсөн. Мэдээж ингэж тогтоохдоо олон сайхан уламжлалыг бий болгосон. Бага хурлын гишүүд үзэл бодлынхоо төлөө маргаж чаддаг байсан. Ямар нэг өнгө мөнгө, албан тушаалын хойноос бус хэн нэгний эрх ашигт захирагдалгүйгээр үйл ажиллагаагаа явуулж чадсан парламент байсан. Арга ч үгүй биз. Тухайн үед мөнгөтэй хүн байгаагүй. Гагцхүү Ардчиллын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг гишүүд байсан даа. Мөн бага хурлын гишүүд нөхөрлөж чаддаг хүмүүс. Өнөөдөр бага хурлын гишүүд шиг найзууд ховор. Гэтэл энэ сайхан нөхөрлөлийн холбоо яваандаа алдагдсанд харамсдаг. Ямар нэг эрх ашигт захирагдалгүй төрийн төлөө үйл ажиллагаа явуулж байсан. Миний бие өнөөдрийг хүртэл хувийн эрх ашигт захирагдсангүй. Мэдээж нэгдсэн намын бодлогод захирагдах ёстой. Тиймээс бага хурлын ач холбогдлыг хэзээ ч үгүйсгэж болохгүй. Үүнийг үеийн үед дурсаж явах болно. Хамгийн гэгээлэг,  хамгийн сайхан ой болно гэдэгт итгэлтэй байна.

Бага хурлын гишүүд нөхөрлөж чаддаг хүмүүс. Өнөөдөр бага хурлын гишүүд шиг найзууд ховор

- Тэгвэл таны бодлоор өнөөдөр УИХ үүргээ хэрхэн биелүүлж байгаа вэ?

- Бага хурлын цаг үеийг өнөөдөртөө харьцуулмааргүй байна. Ард түмэн өөрстөө дүн шинжилгээ хийнэ биз. Ер нь бид сайн ажилласан,та нар муу ажиллаж байна гэдэг нь өрөөсгөл дүгнэлт юм. Ялангуяа ахмад үеийнхэн үүнийг үргэлж бодох хэрэгтэй. Өнөөдрийн залуус бидний үеэс өөрөөр сэтгэн, бодож байгаа учраас ахмад үеийнхэн тэдэнд үзэл бодлоо тулгаад хэрэггүй. Залуус өөрстөө гэр бүлээ, амьдралаа, нийгмээ, улс орноо аваад яваг. Мэдээж санаа өгөх үүднээс зөвлөх хэрэгтэй. Харин бодлоо тулгаж хэрхэв ч болохгүй.

Бага хурлын цаг үеийг өнөөдөртөө харьцуулмааргүй байна. Ард түмэн өөрстөө дүн шинжилгээ хийнэ биз

- Тухайн үед Улсын бага хурлын үйл ажиллагааг түүхэн гавьяа байгуулсан парламент гэж үздэг. Тэгвэл улс орны нийгэм, эдийн засгийг шинэчлэх ямар эрхзүйн үндсийг бүрдүүлсэн бэ?

- Нийгэмд субьектив хүчин зүйл гэж бий. Субьектив хүчин зүйлд төрийн удирдлага орно. Тэгэхээр төрийн удирдлагын тогтолцоог шилжүүлж чадсан. Эдийн засгийн хувьд маш хүнд жилүүд байлаа.  Тийм байхаас ч аргагүй. Нэг систем нураад дараагийн систем рүү шилжиж чадахгүй байсан. Монголын ард түмэн тухайн жилүүдэд хомсдол гэдгийг биеэрээ мэдэрч байлаа.

Эдийн засгийн хувьд маш хүнд жилүүд байлаа

- Тэгвэл  таны бодлоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай юу?

- Үндсэн хууль  гэдэг бол байшингийн суурь гэсэн үг. Бид маш сайн суурь тавьсан. Гэтэл суурины мөн чанарыг таньж чадаагүй байж Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байна. Нүдний нуухыг авах гэж байгаад нүдийг нь сохлов гэсэн үг бий. Ийм нөхцөл гаргаж байгаа учир өнөөдөр болоогүй гэж үздэг. Байшингийн суурийг мянга сольж болдог. Харин суурийг нь солиод их бие нь үлддэг байшин гэж байхгүй. Харин суурь нь сайн бол хэдэн ч давхар нэмж болдог. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хууль бол Олон Улсын жишигт нийцсэн, ардчилалын үнэт зүйлсүүдийг бүрэн тусгасанаараа онцлогтой. Зохион байгуулалтын тодорхой ажлууд бий. Өөрөөр хэлбэл парламентын засаглалтай хэрнээ Ерөнхий сайдын эрх мэдэл дутуу асуудал байгаа. Энэ бүгдийг сайн таньж, нэгдсэн ойлголтод хүрсний дараа Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог. Ялсан намын дарга Ерөнхий сайд байдаг. Парламентыг Ерөнхий сайд тараадаг гэх мэт систем хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харамсалтай нь үүнийг хэрэгжүүлж чадахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Учир нь өнөөдөр өрнөж буй эрх ашгийн зөрчлөөс үүдэж шийдэж чадахгүй.

Үндсэн хууль  гэдэг бол байшингийн суурь гэсэн үг. Бид маш сайн суурь тавьсан

- Улсын бага хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хичнээн хуулийн төсөл санаачилж ажилласан бэ?  

- Тооноос илүү чанарын асуудал яригдах нь гарцаагүй. Хамгийн чухал нь Үндсэн хуулиа батлуулж чадсан. Өнөөдөр бага хурлын баталсан хэд хэдэн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ой тэмдэглэж зарим хүмүүсийг дурсахдаа биш энэ бол түүхэн гавьяа. Хэн нэгэн хүний тухай ярих асуудал биш. Монголын ард түмний олж авсан бахархал. Байнгын ажиллагаатай парламент нь дэлхийд биелэлээ олсон байхад манай улсад хожуу нэвтэрсэн. Өөрөөр хэлбэл хүүхэд гарахгүй удаж байгаад өтөл насанд олдсон хүүхдээ эцэг эх хоёр нь хэрхэн хайрладаг билээ. Үүнтэй агаар нэг асуудал.

Ой тэмдэглэж зарим хүмүүсийг дурсахдаа биш энэ бол түүхэн гавьяа

- Өнгөрсөн хугацаанд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаар алдаа оноо байсан уу?

- Алдаа оноогүй зүйл гэж хаана ч байхгүй. Мэдээж тодорхой хэмжээгээр алдсан байх. Гэхдээ санаатай болон хэн нэгний эрх ашигт нийцсэн алдаа гаргаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Мэдээж намаараа талцаж ам зөрж байсан үе бий. Гэхдээ бид өнөөдрийг хүртэл найз нөхөд хэвээр. Бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан цөөнгүй хүмүүс хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Ер нь болж өгвөл сэтгэл зүйн хувьд ч тэр асуудалд хандах хандлага нь эргэж ирвэл Монгол Улс хөгжиж Монголын төр эмх цэгцэндээ орж сайхан болно.  

Сэтгэл зүйн хувьд ч тэр асуудалд хандах хандлага нь эргэж ирвэл Монгол Улс хөгжиж Монголын төр эмх цэгцэндээ орж сайхан болно