m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 06:02
55
Энэ оны ургацын урьдчилсан балансын товч танилцуулга

2015 онд улсын хэмжээгээр нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийж, ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн  тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

Газар тариалангийн бүс нутгаар тавдугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай байсны дээр зургаадугаар сард өдөр, шөнийн температурын хэлбэлзлэл их, олон хоног үргэлжилсэн аагим халуун болж, хур  бороо багатай байснаас гангийн нөхцөл байдал үүссэн.

Ялангуяа таримал ургамлын чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтаас гол хатгалтын үе буюу зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 8-ныг хүртэлх  хугацаанд тариалангийн гол бус нутгаар агаарын хамгийн их температур 34-38 градус, хөрсөн дээрх хамгийн их температур 60-64 градуст хүрч 18-27 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь таримал ургамлын ургалт, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөллөө.

Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг, хэрэгцээт гурилын 58,2 хувийг хангахуйц хэмжээний буудай авахаар урьдчилсан төлөв гарч байна.

Ургац хураалтын ажилтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.Үүнд

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 125-165 морины хүчтэй 132 ширхэг трактор,  үр тарианы  51 комбайн нийлүүлэгдэж  20 хувийн урьдчилгаатай таван жилд эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлээр олгох ажил хэрэгжиж эхээд байна.

Тэг элдэншүүлгийн технологи нэвтрүүлэх төслийг зарлаж, сонгон шалгаруулалт явуулснаар нийт  21 аж ахуйн нэгжид өндөр хүчин чадлын  трактор, үр тарианы комбайн, үрлэгчийн иж бүрдлийг худалдан авахад зориулж 7.5 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлэв.

Үр тариа хадгалах 36.0 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеваторыг  Дархан-Уул аймагт ашиглалтад оруулснаар ТЭДС-гийн буудай хадгалах хүчин чадлыг 182.0 мянган тоннд хүргэв.

Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, намхан, товчин толгойтой байгаагийн зэрэгцээ  наймдугаар сарын эхэн болон дунд арав хоногт орсон борооны улмаас тариа хэнзлэн ургах, болц удаашрах, улмаар ургац хураалтын ажил сунжирч болзошгүй байгаатай холбоотойгоор ургацыг хягдалгүй хураах технологийн зөвлөмжийг Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулан тариаланчдад хүргэх арга хэмжээг авч байна. 

Түүнчлэн ургацын урьдчилсан балансаар нийтдээ 252.3 мянган тонн буудай үтрэм дээр бууж  цэвэр жингээр 241.4 мянган тонн буудай зарцуулагдах төлөвтэй байна.

Үүнээс 2015 оны тариалалтад зориулан  29.4 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 4.2 мянган тонн, тэжээлд 12.6 мянган тонн, спиртийн үйлдвэрт 9.0 мянган тонныг тус тус зарцуулснаар гурил үйлдвэрлэлд нийтдээ 186.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна. Үүн дээр ТЭДС-гийн 27.4 мянган тонн буудайг нэмж тооцвол 213.6 мянган тонн буудайн нөөц бүрдэж байна.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад  2015-2016 оны хэрэгцээнд 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй байна.

Мөн ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд шуурхай зохион байгуулах, шаардагдах шатахуун болон ажиллах хүн, хүчний асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.