Македоны хил хамгаалагчид болон цагдаа хүчнийхэн хамаг хүчээ дайчлаад ч хууль бус цагаачдыг тогтоон барьж чадсангүй. Тэдгээр цагаачид нь Грекээс Македонд нэвтрэхийг хүссэн энгийн иргэд байжээ. Бага насны хүүхдүүдээ дагуулсан олон зуун хүн хоёр орны хилийг хүчээр зөрчин хууль бусаар цагаачилжээ. Дуут гранат, нулимс асгаруулагч хий ашигласан боловч дүрвэгсдийг хүчнийхэн зогсоож дийлэхгүй байна.
Македоны хүчнийхний хэрэглэсэн энэ арга хэмжээ харин НҮБ болон хүмүүнлэгийн байгууллагуудын дургүйцлийг төрүүлж, тэдний зүгээс шүүмжлэлд өртжээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Европын дүрвэгсдийн хямрал улам гаарч байна, өдөр бүр Сири, Ирак, Афганистан, Пакистанаас хэдэн мянган дүрвэгсэд Грекийн арлуудад хөл тавьж байна. Гэвч тэдгээр хууль бус, ядарч туйлдсан цагаачдын эрсдэлтэй аялалын зорилго нь Грек, Итали биш юм.
Тэд Грекээс Македонтой хиллэдэг хилийг даваад, цааш Сербид хүрч, тэндээсээ Венгрид дүрвэх маршруттай юм байна. Өнгөрөгч пүрэв гаригт Скопье онц байдал зарлаж байгаагаа мэдэгдсэн. Амралтын өдрүүдэд нөхцөл байдал харьцангуй тайван, намжмал байсан. Дүрвэгсдийн тоо буураагүй, гэвч тэднийг саатуулахаа больж, харин ч Сербийн хилд хүрэх галт тэргээр үйлчилж эхэлжээ.