m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 10:25
59
Ерөнхийлөгчийн зарлигийг МХБХ гардан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж багийн спортыг хөгжүүлэх, дэмжих тухай тусгайлсан зарлигийг 2015 оны 8-р сарын 13-ны өдөр гаргасан билээ.  Тэгвэл уг 114 дүгээр зарлиг гардуулах ёслол өнөөдөр спортын төв ордоноо боллоо.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, үндэсний болон багийн спортын холбоодын ерөнхийлөгч, тэргүүнүүд, баг тамирчид оролцлоо.

 Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оноос хойш спортыг дэмжих талаар дөрвөн чухал зарлиг гаргасан. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай, Өвлийн спортыг хөгжүүлэх тухай, Тив дэлхийн, олимпийн уралдаан тэмцээнд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгох тухай зарлиг гаргасан. Өнөөдөр багийн спортыг дэмжих тухай Засгийн газарт чиглэл өгсөн чухал зарлигийг гардуулах ёслолын арга хэмжээ ийнхүү болж өндөрлөлөө.

Уг зарлигаар Монгол Улсад үндэсний болон сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэрэг багийн спорт хөгжиж буй байдлыг эрчимжүүлэх, хөгжлийн түвшинг дээшлүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох, эх орондоо тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад орчин үеийн шаардлага, олон улсын стандартад нийцсэн дэд бүтцийг бий болгох, түүнд түшиглэсэн багийн спортын дагнасан сургалттай академи байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон байна. Мөн төр, засгийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллага, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагчдыг багийн спортыг дэмжих, хөгжүүлэхийг уриалжээ.

Тус зарлигийг МХБХ-г төлөөлж ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир гардан авлаа