m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 13:18
219
Европт дүрвэгсэд хүлээн авах нэгдсэн дүрэмтэй болно

 

Африк, Ойрхи Дорнодын орнуудаас урьд өмнө байгаагүй олон тооны дүрвэгсдийн урсгал ирж байгаатай холбоотой Европын Холбоо цагаачлалын бодлогоо шинэчлэхэд хүрээд байна. Герман, Францын төрийн тэргүүнүүд дүрвэгсдийн асуудлыг зохицуулах нэгдсэн хууль дүрэм европт үйлчлэх ёстой гэдэг байр сууриа илэрхийлж байна.

Германд дүрвэгсдийг хүлээн авах шинэ төвүүдийг барьж буй хүмүүс Саксоны Хайденау хотод дүрвэгсдэд зориулсан хорогдох байрны ойролцоо цагдаа нартай мөргөлдсөн хэт радикалуудын зүгээс хариу эсэргүүцэлтэй тулгарч байна. Энэ мөргөлдөөний үеэр 30 гаруй цагдаагийн албан хаагч шархадсан байна. Хэт их хэмжээний хууль бус цагаач, дүрвэгсдийн асуудалтай холбоотой үүсээд байгаа хямрал Берлин хотноо Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нарын уулзалтаар хэлэлцсэн гол асуудал болсон юм. “Үүсээд байгаа харгислал, айдас, үзэн ядалтын уур амьсгал байж болшгүй зүйл. Барууны хэт даврагсад болон нео-нацистууд үзэн ядалт дургүйцлээ хэрхэн илэрхийлж байгаа нь муухай, ой гутам байна. Гэвч энгийн иргэд, хүүхэдтэй гэр бүлүүд үзэн ядалтаа илэрхийлж байгаа энэ байдлыг таашааж, тэдний дэмжиж байгаа нь гутамшигтай хэрэг”гэж Ангела Меркель мэдэгджээ.

Он гарснаас хойш Итали, Грекийн эрэгт 250 мянга гаруй хууль бус цагаачид газардсан байна. Франц, Германы төрийн тэргүүнүүд Европын холбооны бусад улс орнуудыг цагаач дүрвэгсдийн хувь заяаг шийдэх хариуцлагыг хуваалцахыг уриаллаа. “Энэ бол ганц улсын мөрөнд тохож боломгүй хариуцлага, энэ Европ даяар хамаатай. Энэ бүхэн бидэнд ямар дарамт учруулж болохыг  бид харж байна, герман улсад болсон явдал, бидний ухамсартай зөрчилдөж байгаа асуудалтай холбоотойгоор Ангела Меркелийн үгтэй би бүрэн санал нийлж байна” гэж Франсуа Олланд тэмдэглэн хэлсэн. Үүнээс гадна хоёр орны тэргүүн европын орнуудын өргөн хэмжээний зохион байгуулах ажиллагаа, тэр дундаа дүрвэгсдийг хуваарилах болон орогнох байраар хангах нэгдсэн хууль батлахыг санал болгосон байна. Эхний арга хэмжээ болгож тэд дүрвэгсэд хүлээн авах нэмэлт төв байгуулах ажилд Италь, Грекийн тусламжийг хүсчээ. 

Х.Уянга