m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 05:58
103
Ерөнхий сайд Японы эдийн засгийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы эдийн засгийн холбоо /KЭЙДАНРЭН/-ны ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Гуравдагч хөрш Япон Улстай бүх талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тодотгоод хоёр орны цаашдын харилцааг стратегийн түншлэлийн зарчмаар өргөжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн харилцаа холбоог шинэ түвшинд гаргахад Японы эдийн засгийн холбоо /KЭЙДАНРЭН/-ны гүйцэтгэх үүрэг, манлайлал чухал болохыг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар, Японы эдийн засгийн холбоо /KЭЙДАНРЭН/ хамтран Монгол, Японы “Бизнес форум”-ыг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулсан. Энэ онд Монгол Улсад зохион байгуулж буй Эдийн засгийн форумд KЭЙДАНРЭН-ийн ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй КЭЙДАНРЭН-ийн дэд дарга, “Тоёота” корпорацийн ТУЗ-ийн дарга Т.Учияамада, КЭЙДАНРЭН-ийн дэд дарга, “Мицүбиши хэви индустри” корпорацийн ерөнхийлөгч Ш.Мияанага, КЭЙДАНРЭН-ийн Зөвлөхүүдийн танхимын дэд дарга, “Мицүбиши электрик” корпорацийн зөвлөх С.Шимомура, КЭЙДАНРЭН-ийн Зөвлөхүүдийн танхимын дэд дарга,  “Шимизу” корпорацийн ерөнхийлөгч Ё.Мияамото, КЭЙДАНРЭН-ийн Африкийн хорооны дарга,  “Сожицү” корпорацийн ТУЗ-ийн дарга Ю.Касэ, КЭЙДАНРЭН-ийн Гадаад хэргийн хорооны дарга, “Обаяаши” корпорацийн ТУЗ-ийн дарга Т.Обаяаши нарын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчидхүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн юм.

Японы Засгийн газраас Азийн дэд бүтцийг дэмжиж, ирэх 5 жилд 110 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр мэдэгдсэн. Энэ хүрээнд Монгол Улс, Япон Улстай дэд бүтэц, уул уурхай, боловсруулах салбарын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх сонирхолтой байна. Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг түшиглэн Японы хөрөнгө оруулалт, “ноу-хау”-г нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Япон болон гуравдагч зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, эдийн засгийн холбоонд нэгдэх эрмэлзлэлтэй байгаа бөгөөд нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах замаар нүүрс шингэрүүлэх, кокс, ган, газрын тос, зэс хайлуулах зэрэг төслүүдэд тус улсын өндөр технологийг нэвтрүүлэх сонирхолтой байна гэж Ерөнхий сайд хэллээ.

“Монгол Улс, Япон Улсын эдийн засгийн форум”-д 80 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн болон хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын орчин, Монгол-Японы эдийн засгийн, уул уурхайн, зам тээврийн салбарын хамтын ажиллагааны боломж, Монгол Улсын эрчим хүч, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн  салбарын хамтын ажиллагааны боломж сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлнэ.