m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 08:28
371
Т.Эрдэнэбат: 3D арьсан хавтанд давуу тал олон бий

 

Монголд анхдагч 3D арьсан хавтан үйлдвэрлэгч компанийг “Баялаг бүтээгч” төсөлдөө онцолж байна. Энэ нь гоёл чимэглэлийн бусад чулуун хавтангаас харьцангуй хямд, нааж тогтооход ч хялбар, өнгө, хэвний олон сонголттой гээд давуу чанарууд ихтэй. Анхны гэх тодотголтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Эйч Эм” ХХК-ийн захирал Т.Эрдэнэбаттай ярилцлаа.

- Арьсан хавтангийн үйлдвэрлэл явуулаад хэр удаж байгаа вэ. Яагаад заавал энэ чиглэлийн бизнес эрхлэх болов?

- Гэр бүлээрээ БНСУ-д амьдарч, барилгын чиглэлийн компанид ажилладаг байсан. Барилгын дотоод засал, гоёл чимэглэл хийдэг 3D арьсан хавтангийнхаа санааг үүнээс авч дотооддоо үйлдвэрлэх боломжтой юм байна гэж бодсон. Түрүү жил БНХАУ-д ханын гоёл чимэглэлийн үзэсгэлэн болж, арьсан хавтангийн тоног төхөөрөмж  нийлүүлдэг үйлдвэртэй холбоо тогтоож, машинаа авч байсан.

- Жил гаруйн хугацаанд монголчууд хэр сонирхож авч байна. Ер нь танайхтай ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр манайд бий юу?

- Одоохондоо манайхтай ижил төрлийн үйлдвэр Монголд алга байна. Бид арьсан хавтан үйлдвэрлэлээрээ анхдагч. Хүмүүс их сонирхдог. Гоёлын дотоод заслыг өмнө нь чулуу, мазекаар хийдэг байсан бол энэ нь түүнийг арай өөрчилсөн, шинэ технологи. Дотроо пролонтой, ардаа хуванцар хавтан, нүүр хэсэг нь хиймэл арьс буюу манайхны ярьдгаар ледрин. Ямарваа нэг байдлаар арчиж цэвэрлэхэд маш хялбар, чулууг бодвол илүү дулаан уур амьсгалтай харагдуулдаг. Мөн хуурч унах, хөвсийх зэрэг ямар нэг гаж нөлөө байдаггүй, удаан эдэлгээтэй, дуу чимээг зохих хэмжээгээр хязгаарлана, дулаан хадгална гэх зэрэг олон давуу талтай. Хувь хүмүүс бол зочны болон унтлагын өрөөндөө, албан байгууллагууд оффисын өрөөндөө, зочид буудал, караокэ, ресторан, кафе зэрэг олон газрууд хийлгэдэг. Ер нь бүх чиглэлээр ашиглаж болно доо.

- Бэлэн болсон арьсан хавтанг манайхан импортоор оруулж ирдэг үү?

- Импортоор Хятад, Солонгос зэрэг улсаас оруулж ирдэг. Гэхдээ үнийн хувьд манайхаас харьцангуй өндөр. Бид түүхий эдээ авчраад эндээ үйлдвэрлэж байгаа болохоор импортын бүтээгдэхүүнээс хамаагүй хямд л даа.

- Импортоор авчирч байгаа арьсан хавтангаас манайд үйлдвэрлэж байгаа нь технологиороо ялгаатай юу?

- Технологи бол яг адилхан. Ижил материалаар хийж байгаа учраас технологи нь ч адилхан гэсэн үг. Тиймээс Солонгос, Хятадаас авсан, ямар ч ялгаагүй. Үнийн хувьд л зөрүүтэй. Гол нь хүссэн өнгөөрөө манайхаас захиалах боломжтой, мөн өнөөдөр захиаллаа гэхэд маргааш нь бэлэн болно.

- Өдөрт хэчнээн хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

- Одоо байгаа энэ машин маань хоёр хэвтэй ажиллаж байна. Гурван минутад л нэг хэв гарна. Тэгэхээр ажлын найман цагийн гурван минут тутам хоёр хавтан үйлдвэрлэж байна гэсэн үг. Ер нь өдөртөө бол 30 метр кв-ыг үйлдвэрлэх боломжтой.

-Бүх төрлийн арьсаар хийдэг үү, эсвэл зориулалтын арьс гэж байдаг уу?

-Өөрийнх нь зориулалтын арьс гэж байдаг. Хүмүүс гадуур зарж байгаа, эсвэл буйдан хийдэг арьс гэж ойлгоод байдаг. Гэвч тэр арьснууд зориулалтын биш учраас суналт муу байдаг, нарийн хэвүүд нь гарч өгдөггүй. Тиймээс өөрийнх нь зориулалтын, суналт сайтай арьсыг авчирч хийдэг. Мөн захиалагч цэвэр арьсаар хийж болох уу гэсэн санал тавьж байсан. Тэр болно, гэхдээ мэдээж үнийн хувьд арай өснө. Эдэлгээний хувьд хананд хийсэн байлаа гэхэд ямар нэг хурц зүйлээр зүсэхээс бусдаар гэмтэх тохиолдол багатай.

- Жилийн хугацаанд үйлдвэрлэл эрхэлж байхад дотооддоо ийм үйлдвэрлэл эрхлэхэд боломж, нөхцөл нь хэр байна?

- Боломжтойн хувьд боломжтой. Гэхдээ төр засгаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих тал дээр тааруу юм шиг санагддаг.

 Одоогоор арав гаруй төрлийн өнгийн арьсаар 21 янзын хэвээр хийж гүйцэтгэж байна.

- Зээл тусламжид хамрагдсан уу. Санхүүгийн үүсвэрээ хаанаас бий болгосон бэ?

- Зээл тусламжид ер хамрагдаж үзээгүй ээ. Тоног төхөөрөмжөө оруулж ирэхдээ ч хөнгөлөлт эдэлж байгаагүй. Ажлын байрны хувьд одоогоор түрээсийн байр ашиглаж байна.

- Одоо хэдэн хүнийг ажлын байраар хангаад байна. Цаашид мэдээж үйлдвэрээ илүү өргөжүүлэх бодол байгаа байх?

- Ер нь манайх 3-4 ажилтантай. Мэдээж үйлдвэрлэл эрхэлж байгаа юм чинь цаашид илүү боловсронгуй болж, хүрээгээ тэлэхийг бодож байна. Захиалгын дагуу очиж хийж өгдөг хоёр ажилтан бий. Анх нээгдэж байсан үеэ бодвол хэвнүүд нэмэгдэж, хэмжээ нь хүртэл өөр болж байгаа. Тэр дундаас манай монголчуудын илүү сонирхож захиалдаг хэвийг түлхүү захиалж авчирдаг. Ер нь яваандаа өөрөө зургаа өгөөд хэвнийхээ үйлдвэрт хэвээ захиалчих юм бол монгол хээ, цаашлаад өөр бусад төрлийн хээг ч бас хийх боломжтой.

- Тэгэхээр хэвийг нь бас тусдаа захиалж хийлгэдэг байх нь ээ?

- Тийм ээ. Хятад улсад захиалж хийлгэдэг. Солонгост хийлгэе гэхээр хугацаа алддаг. Манайхан Хятад гэхээр л муу гэж ойлгоод байдаг, гэхдээ яг мөнгөндөө тааруулаад хийлгэвэл чанартай сайн хийдэг шүү.  Одоогоор арав гаруй төрлийн өнгийн арьсаар 21 янзын хэвээр хийж гүйцэтгэж байна.

- Хана, таазан дээрээ яаж наах вэ. Ямар нэг технологи бий юү?

- Наах тал дээр маш энгийн. Бетонон ханан дээр бол силиконоор нааж болно. Цаас болоод модон дээр наахдаа тарган цавуу ашиглана. Маш энгийн, хялбар наалддаг. Өөрөө яг 40х40 хэмжээтэй машинаар зүсэгдсэн учраас хэмжээ нь зөрнө гэсэн ойлголт байхгүй гэсэн үг юм. Авсан хүмүүс өөрсдөө наачихсан, ёстой амар юм байна лээ гэсэн шүү. Ер нь цаг зав хэмнэсэн, наахад хялбар юм л даа.

- Гоёл чимэглэлийн чулуун хавтан зэргээс үнийн хувьд хэр вэ?

- Нэг ширхэг буюу 40х40 хэмжээтэйг нь 15 мянган төгрөгөөр борлуулдаг. Зургаан ширхэг нь нэг метр кв болдог, энэ нь 90 мянган төгрөгийн үнэтэй. Өмнөх жил 80 мянгаар зарж байсан боловч юанийн өсөлтөөс үүдээд нэмсэн байгаа. Мөн зохих хэмжээний хямдрал буюу 10 метр кв-аас дээш таван хувийн, 20 метр кв-аас дээш бол арван хувийн хямдрал үзүүлдэг. Ер нь бол бусад чулуун хавтан зэргээс үнийн хувьд харьцангуй хямд гэж бодож байна.    

Утас: 96689993, 96689992

Д.Тэмүүлэн