m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 02:33
211
Д.Энхжин: Бид оюутнуудын өмнө өндөр хариуцлага хүлээх ёстой

Эх орны салбар бүрт баялаг бүтээгчид ажиллаж байна. Энэ удаагийн дугаарт баялагийн дээд болсон оюуны баялаг бүтээгч "Зохиомж" дээд сургуулийг та бүхэндээ танилцуулж байна. Зохиомж дээд сургууль 1999 онд үүсгэн байгуулагдсан банк, санхүү, гааль, менежмент, боловсрол, урлаг, сэтгүүл зүй зэрэг салбарын боловсон хүчин бэлтгэн гаргадаг. 30 гаруй эрдэмтэн багш, 800 гаруй оюутан суралцагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

"Зохиомж" дээд сургуулийн дэд захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач Д.Энхжин

-Монгол улсад 200 гаруй их, дээд сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ сургуулиудын томоохон төлөөлөл бол танай сургууль шүү дээ?

-"Зохиомж" дээд сургууль үүсэн байгуулагдаад 16 жил болж байна. Энэ хугацаанд 2000 гаруй залуусыг бэлтгэж олон салбарт гаргасан. Энэ хүмүүс өөрсдийн салбарт баялаг бүтээх үйлсэд хөрөнгө оруулаад явж байна. 

-Өнөөдрийн байдлаар хэдэн чиглэлээр мэргэжилтэн бэлдэж байна вэ?

-Манай сургууль үндсэн дөрвөн чиглэлээр мэргэжилтэн бэлдэж байна. Бизнес удирдлага, боловсрол судлал, сэтгүүлзүй, урлаг гэсэн чиглэлтэй оюуны баялаг бүтээгчдийг бэлдэж байна. 

-Боловсролын салбарын онцлог шинж нь юунд оршиж байдаг вэ?

 -Эх орондоо баялаг бүтээж буй салбаруудын томоохон төлөөлөл бол боловсролын салбар. Аливаа баялагийг бий болгохын тулд боловсрол эзэмших хэрэгтэй. Суралцагч өөрөө мэдлэгийг бүтээлчээр бий болгож авдаг. Энэ нь нэг талаасаа тухайн хүн өөртөө хөрөнгө оруулж баялагийг бүтээж байна гэсэн үг. Мэдлэгийн шинэ эрин зуунд хамгийн өндөр үнэлэмжтэй, цаашдын хөгжлийн хурдасгуур болох үнэт зүйл нь шинэ техник технологид суурилсан мэдлэг, боловсрол. Энэ боловсролыг эзэмшүүлснээр цаашид урган гарах баялаг бүтээхэд нөлөөлөх гол хүчин зүйл болж чадна. 

-Жижиг зах зээл дээр маш олон сургуулиуд өрсөлдөж байна. 16 жилийн турш энэ давалгаан дунд амжилттай урагшилж байна. Энэ бол удирдан чиглүүлж яваа хүмүүсээс их шалтгаалдаг болов уу?

-Хувийн сургуулиуд өөрсдийн орлогоор санхүүжээд явдаг. Манай сургууль анх байгуулагдахдаа хэвлэл мэдээллийн гэсэн тодотголтой байсан. Сүүлийн үед бизнес болон боловсролын чиглэл нэмэгдэж орж ирсэн. Зах зээлээ судалж, хэрэгцээтэй ажлын байрыг чадвартай мэргэжилтнээр хангах нь чухал. Энэ төлөвлөгөөг л баримталж ажиллаж байна. Хамгийн түрүүнд эрэлт хэрэгцээг олж хараад чанартай бүтээгдэхүүнийг нийгэмд гаргах нь хэрэгтэй.

-Анх хэвлэл мэдээллийн гэсэн тодотголтой байсан гэлээ. Харин одоо Олон улсын бизнесийн нэршилтэй болсон байна. Зэрэглэлийн хувьд ямар түвшинд явж байна вэ?

-Бид олон улсын сургалтын агуулга, стандартыг хүлээн зөвшөөрч байгаа. Бизнесийн болон сэтгүүлзүйн чиглэлээр олон улсын магадлан итгэмжлэгдсэн сургуулийн гишүүн. Гишүүнээр элсэхийн тулд тавигдаж буй шаардлага, үзүүлэлтийг хангасан байх ёстой. Олон улсын тодотгол аваад байгаагийн шалтгаан нь манай сургуулийн эрхэм зорилго даяаршлын нийгэм шүү дээ. Мэдээллийн эрин зуунд дэлхий хавтгай болж байна. 

-Тухайн сургууль ямар түвшний боловсон хүчин бэлдэж байгаа нь сургалтын хөтөлбөрөөс шалтгаалдаг шүү дээ?

-Тэгэлгүй яахав, бүх сургуулиуд мэргэжил эзэмшүүлж байгаа. Манай сургуулийн баримталж буй сургалтын хөтөлбөрийн онцлог бол хүнийг хөгжүүлэх тал дээр анхаардаг. Бусад сургуульд ордоггүй хүний хөгжлийн талаархи хичээл түлхүү ордог. Жишээлбэл, Нягтлан бодогч мэргэжилтэй хүнд гоозүйн мэдлэг ямар хэрэгтэй юм бэ гэж хүмүүс асуудаг.  Хамгийн гол нь хүний мэдрэмжийг хөгжүүлснээр авъяас, өөртөө итгэх итгэлийг өгч ертөнцийг өөр өнцгөөс харах боломжийг олгодог. Энэ бодлого манай сургуулийн дотоод ажиллагааны гол цөм юм. Хоёрдугаар гадаад хэлний бодлогын асуудал. Англи хэлний хичээлийг 1-3 курсын оюутнууд судалж байна. 

-Хувийн сургуулиуд олон тооны элсэгч авдаг ч эргээд харахад дипломтой ажилгүйчүүд нэмэгдээд байдаг. Энэ тал дээр танай сургууль ямар бодлого баримталдаг вэ?

-Бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүүхэд манай сургуулийг сонгоод ирлээ. Бид тэр хүүхдийн ирээдүйн өмнө маш том хариуцлага хүлээж байгаа хүмүүс. Тийм учраас тухайн мэргэжлийн үнэ цэнэ, тавигдах босгыг даваад гарах мэргэжилтэй боловсон хүчин болгон төлөвшүүлэх хариуцлагыг хүлээж байна гэдгээ ухамсарлах ёстой.

Зураглаачийн уран чадварын багш, тэнхимийн эрхлэгч Н.Зундуй

Манай сургууль 20-иод жил операторын мэргэжлээр оюутан сургаж байна. Манай сургалтын гол онцлог нь техник материаллаг баазаар оюутныг хангаж дадлагажуулж сургадаг. Зураг авах ажиллагаанд онолын мэдлэгийг бодит орчинд хэрхэн хэрэгжүүлэх тал дээр илүү анхаардаг. Тийм учраас уран сайхны кинонд оруулж өгдөг. Үүний ач холбогдол нь оюутан жинхэнэ материалтай харьцах харилцааны мэдрэмжийг дээшлүүлэх сайн талтай.  

 

 

Урлагийн тэнхимийн багш Б.Лхагвадорж

Манай сургууль кино, телевизийн зураглаачдыг бэлдэж байна. Зураглаачийн мэргэжлийг эзэмшихийн тулд фото мэдрэмжтэй байх ёстой. Фото зураг авч сурснаар гэрэл, сүүдрийн мэдрэмж дээшилдэг. Хамгийн гол онол гэхээс илүү дадлагын түвшний сургалт явуулах нь илүү үр дүнтэй.