m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 05:57
66
Сургууль цэцэрлэгийн 15 барилга хүлээж авна

Долоо хоног бүрийн пүрэв гаригт "Сайдын цаг"уулзалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

2015-2016 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжинэ. Хөтөлбөрийн үр дүнд хүүхэд бүр сонирхсон үйлээ сонгож хийдэг, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даан өөрөө өөртөө үйлчилдэг, хийж байгаа зүйлдээ бүтээлчээр ханддаг зэрэг чадварт суралцан, хөгжих боломжтой болно гэж Л.Гантөмөр сайд хэллээ. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын  1 225 цэцэрлэгт 218 100 хүүхэд хамрагдаж байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад хүүхдийн тоо 11 400-аар нэмэгдсэн байна.

Ерөнхий боловсролын 799 сургуульд 539 818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид 64 364 хүүхэд элсэн суралцана.  Улсын хэмжээнд цэцэрлэгт 6 900 багш, ерөнхий боловсролын сургуульд 28 800 багш ажиллана. Бага ангийн хүүхдүүд сурах бичгээр үнэ төлбөргүй хангагдах бол  ахлах,  дунд ангийн сурах бичгийн зах зээлд борлуулах дундаж үнэ 2600 төгрөг байна. Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид оёж, борлуудах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд үнийн хувьд харьцангуй тогтвортой байгаа гэж сайд хэллээ.

Төрийн болон төрийн бус өмчийн 99 их, дээд сургууль, коллежид 169,000 орчим оюутан суралцана. Их, дээд сургуулийн оюутнууд хөтөлбөрт элсэж хоёр болон гуравугаар курсээс мэргэжлээ сонгон суралцдаг тогтолцоонд бүрэн шилжинэ. Мэргэжил сонголтоос хөтөлбөр сонголтод шилжсэнээр оюутнуудад мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн болох боломж бүрдэх юм.

Энэ хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 153, орон нутгийн хөрөнгөөр 26 барилгын ажил хийгдэж байгаа бол концессийн гэрээгээр 40 цэцэрлэг, сургууль, БНХАУ-ын тусламжаар нэг цэцэрлэг, 21 сургууль, Япон улсын тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана. 

2015 онд улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 25 сургууль ашиглалтад орж сургуулийн хүчин чадал 12 338 хүүхдийн суудлаар, 47 цэцэрлэг ашиглалтад орж хүчин чадал 7 200 ороор нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 4448 хүүхдийн суудалтай найман сургууль, 1000 хүүхдийн хүчин чадалтай 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад ороод байна. Есдүгээр сардаа багтааж сургууль цэцэрлэгийн 15 барилга ашиглалтад хүлээн авна гэж  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр  сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.