m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.28 02:46
71
Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулган болж байна

Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганы 20 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага хурал "Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр  Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Хуралд тус бүс нутгийн 28 улсын хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, НҮБ-ын Тусгай илтгэгчид, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны төлөөлөл нийт 160 гаруй зочид төлөөлөгч оролцож байна. АНДЧ-ы ээлжит хурлаар хүний эрхийн тулгамдсан асуудал, зөрчлийг шийдвэрлэж байгаа туршлага, боломжийн талаар Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд харилцан мэдээлэл, туршлага солилцож, бодлогын зарим асуудалд нэгдсэн байр суурь илэрхийлэх, шийдвэр гаргадаг тул онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм.

Ази Номхон Далайн Чуулган нь бүс нутагтаа хүний эрхийн үндэсний байгууллагуудыг байгуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг, гишүүн байгууллагуудаараа дамжуулан өөрийн бүс нутагт хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилготой байгууллага бөгөөд АНДЧ-ы бүрэн эрхэт гишүүн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс өнөөдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатайгаар тус чуулганыг тэргүүлэн ажиллахаар болоод байна.

Хурал өнөөдөр дуусч, энэ сарын 29-30-ны өдөр Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагын Эрүү шүүлтийн эсрэг элчин сайдуудын дунд хугацааны уулзалт Туушин зочид буудлын "Сүлд” танхимд болох юм.