m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.23 02:50
327
Л.Цэдэв: Манай үйлдвэр өөрийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүнтэй болж чадсан

Өвөрхангай, Хужирт сум

Талх, нарийн боовны “Буман сувд” ХХК-ийн захирал Л.Цэдэв: Манай үйлдвэр өөрийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүнтэй болж чадсан

Утас: 99728498

Хужирт сумын иргэд өмнө нь талхаа Улаанбаатар хотоос авчран иддэг байсан бол “Буман сувд” ХХК сумандаа анхлан талх, нарийн боовны цех нээснээр нутгийнхан нь өглөө бүр шинэхэн талх авдаг болжээ. Мөн  ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай”-ны нарийн боовыг нийлүүлэхээс гадна цэцэрлэгтээ бүтээгдэхүүнээ өгдөг аж. Анхдагчдын эзэн болсон “Буман сувд” талх, нарийн боовны цехийг “Баялаг бүтээгдийг дэмжинэ” төсөлдөө онцолж байна.

Өдгөө манай үйлдвэрийн хийдэг загасан талх, маахуур хоёр брэнд бүтээгдэхүүн болоод байгаа. 

  • Хэзээнээс талх нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх болов оо?
  • 2010 оноос эхлээд талх нарийн, боовны цехээ ажиллуулж байна. Манай сумынхан өмнө нь хотоос талхаа зөөдөг байсан. Харин цех нээгдсэнээр Хужирт сумын иргэд өдөр бүр шинэ талх иддэг болсон. Өдгөө манай үйлдвэрийн хийдэг загасан талх, маахуур хоёр брэнд бүтээгдэхүүн болоод байгаа. Одоогоор таван төрлийн талх, зургаан төрлийн нарийн боов үйлдвэрлэж байна.
  • Түүхий эд, бүтээгдэхүүнээ хаанаас авч байна?
  • Түүхий эдээ хотоос болоод эндхийн дэлгүүрүүдээсээ ч авчихдаг. Манай суманд бидний гол түүхий эд болох гурилын гэрээт борлуулагч нар байдаг. Тэндээс гурилаа хямдхан авчихдаг. Мөн масло, тос, өндөг зэрэг бусад бүтээгдэхүүнээ ч эндээсээ авна. Хааяа хотоос зарим бараагаа татдаг. Гэхдээ хотоос байнга наашаа зөөвөл тээврийн зардал их гарна. Тийм  болохоор тэр болгон зөөгөөд байдаггүй юм. 
  • Хүнсний бүтээгдэхүүн гэдэг чанар, эрүүл мэндийн тал дээр дээд зэргээр анхаарсан байх шаардлагатай байдаг. Танайх үүн дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?
  • Мэдээж тэгэлгүй яахав. Юун түрүүнд шинжилгээнд орсон бичиг байх шаардлагатай. Тэгээд цаашлаад хугацаа, түүхий эдийн чанар зэрэг дээр дээд зэргээр анхаарч ажиллаж байгаа шүү.     
  • Борлуулалтаа хаагуур хийж байна?
  • Борлуулалтын хувьд сумынхаа дэлгүүрүүд болоод сургууль, цэцэрлэгт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Сургуулийн хувьд гэвэл бид “Үдийн цай”-г нь хийдэг. Мөн том, жижиг нийлсэн 20 гаруй дэлгүүрт талх, нарийн боовоо нийлүүлж байна. Цаашлаад бид Бат-Өлзий сумсруу бүтээгдэхүүнээ нийлүүлэх бодол бий. Мөн хэрэглэгчдийн хүсэлтээр Цагаан сар болон найр наадмын үеэр хэвийн боов хийж үйлчилдэг байгаа.

Тоног төхөөрөмжүүдийн хувьд гэвэл Улаанбаатар хотоос авсан.

  • Цаашдаа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг ч олон болгох зорилго бий болов уу?
  • Тэгэлгүй яахав. Одоо байгаа нэр төрлөөсөө илүү олон болгох, амт чанарыг нь ч сайжруулах, мөн хэрчсэн гурил хийх бодол ч бий шүү. Цаашлаад үйлдвэрийн байраа илүү томруулбал бууз, банш хийх ч бодол байна.
  • Сумын удирдлагын зүгээс таны үйлдвэрийн үйл ажиллагааг хэр дэмжин ажиллаж байна?
  • Сум хөгжүүлэх сангаас зээл олгож, түүгээрээ тоног төхөөрөмж худалдаж авч үйлдвэрлэлээ өргөжүүлсэн. Тоног төхөөрөмжүүдийн хувьд гэвэл Улаанбаатар хотоос авсан.

  • “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг танай сумыг, түүнчлэн танай үйлдвэрийг зориод ирсэн нь танд ямар санагдаж байна?
  • Мэдээж маш таатай байлгүй яах вэ. Сумын жижиг үйлдвэрийг орон даяар сурталчилж өгнө гэдэг бидэнд маш том аз завшаан болж өгч байгаа юм. Мөн манай үйлдвэр ч өдөр бүр сумынхаа иргэдийг шинэ бүтээгдэхүүнээр хангаж байгаадаа баяртай байдаг.  

Д.Тэмүүлэн