m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.23 07:56
424
М.Буяндолгор: Манай бүтээгдэхүүн илүү чанартай

Өвөрхангай аймаг Зүүнбаян-Улаан сум

Анх нэг сая төгрөгөөр эсгий эдлэл, сур, суран бүтээгдэхүүн  хийж,  бизнесийн гараагаа эхэлсэн “Итгэлийн алхам” бүлийн гэр бүлийн хоёр өдгөө сумандаа төдийгүй аймаг, нийслэлийн үзэсгэлэн худалдаанд оролцож олон үйлчлүүлэгчтэй болжээ. Харин тэдэнд тулгамдаж буй гол асуудал нь ажлын байр бөгөөд цаашдаа байраа томруулбал бүтээгдэхүүнийхээ тоог ч нэмнэ хэмээн ярьж байлаа.  

-Хэзээнээс эсгий, суран бүтээгдэхүүн хийх болов оо?

-2010 оноос эсгий, сураар бүтээгдэхүүн хийж борлуулж эхэлсэн. Халамжийн төвөөс 45-аас дээш насны, хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдэд сая төгрөгийн тэтгэмж олгож, түүнд манай нөхөр хамрагдсанаар анх бизнесийнхээ гарааг эхэлж байсан. Тэгээд эхний ээлжинд ноос зулагч гар машин, ноос самнах гар самаар бүтээгдэхүүнээ хийж байгаад 2012 оноос Даян дэлхийн байгаль орчны сангийн төсөлд хамрагдаж ноос агшаадаг барбон, цахилгаан сам зэргийг авсан.

-Захиалга хэр байна вэ?

-Ер нь манайх захиалга сайтай байдаг. Хурганы ноосоор хийсэн бүтээгдэхүүн нь хүний биед ямар нэг хор нөлөөгүй, харшил өгөхгүй, дулаахан зөөлөн байдаг учраас хэрэглэгчид маш таатай хүлээн авдаг.

Үзэсгэлэн худалдаанд оролцохын нэг давуу тал нь манай бүтээгдэхүүнийг авсан хэрэглэгчид миний утсыг аваад эргээд холбогдож захиалга өгөх тохиолдол олон байдаг.

-Борлуулалтаа хаагуур, хэрхэн хийж байна?

-Борлуулалтын хувьд гэвэл аймаг, сумын хэрэглэгчид захиалгаар голдуу хийлгэдэг. Мөн жил бүр аймгийн төвд болдог намар, хаврын үзэсгэлэн худалдаанд оролцдог. Төрийн бус байгууллагаар дамжуулан нийслэл хотын үзэсгэлэн худалдаанд мөн оролцож борлуулалтаа хийдэг. Үзэсгэлэн худалдаанд оролцохын нэг давуу тал нь манай бүтээгдэхүүнийг авсан хэрэглэгчид миний утсыг аваад эргээд холбогдож захиалга өгөх тохиолдол олон байдаг. Тиймээс үзэсгэлэн худалдааг алгасалгүй оролцож, бараа бүтээгдэхүүнээ олонд таниулж байх нь бидний бас нэг гол зорилго болж байгаа юм.

-Танай бүл одоогийн байдлаар ямар бүтээгдэхүүнүүд хийж байна?

-Урт, богино түрийтэй гутлууд, дөрвөн төрлийн гэрийн углааш, дээрээс нь манай гэр бүлийн хүн нэхий, хурга, ишигний арьс, сур элддэг.

-Түүхий эд, материалаа хаанаас татдаг вэ?

-Хонь, хурганы ноос, нэхий, сур зэрэг бүхий л материалаа малчдаас худалдаж авдаг. Мөн малчид өөрсдөө арьс, сураа авчирч өгч элдүүлдэг.

-Ижил төрлийн үйлдвэрүүдээс танай бүтээгдэхүүн юугаараа онцлог, давуу чанартай вэ?

-Мэдээж аливаа үйлдвэрлэл эрхлэхэд ижил төрлийн өрсөлдөгчид ямагт байдаг. Гэхдээ ижил төрлийн бизнес эрхлэгчид маань ихэнх нь надаар заалгуулаад, дараа нь өөрсдөө бие дааж гарсан хүмүүс л дээ. Харин бүтээгдэхүүний ялгааны хувьд гэвэл би тэдний багш байсан, мөн тэднээс илүү олон жил ажилласан туршлага дээрээ үндэслэн манай бүтээгдэхүүн илүү чанартай гэж боддог. Ноосоо будганд оруулах, загвар гаргах гэх мэт олон чанараараа давамгай шүү. Манайхаас өөр бүтээгдэхүүнээ ширж оёдог газар байхгүй байна. Гоёл чимэглэл тал дээр ч илүү анхаарч ажилладаг.

  

-Ер нь сумандаа үйлдвэрлэл эрхлэхэд амьжиргааны түвшинд хэр нөлөөлж байна?

-Сумандаа үйлдвэрлэл эрхлэхийн гол давуу тал бол түүхий эд зэрэгт санаа зовох зүйлгүй байдаг. Учир нь бид эсгийгээр бүтээгдэхүүн хийлээ гэхэд хажуудаа байгаа малчдаасаа ноос, ноолуураа авчихна. Хаа байсан хол газраас түүхий эдээ татна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс сум орон нутагтаа цагаа олсон зөв бизнес эрхэлбэл амьжиргааны түвшинд тодорхой нөлөөлөхүйцээр ажиллаж чадна.

-Цаашдын зорилго юу вэ?

-Үйлдвэрлэх хүрээгээ тэлж, өргөсгөнө гэвэл юун түрүүнд манайх ажлын байраа томруулах шаардлагатай байгаа. Аливаа ажлын бүтээмжид ажлын байр маш их нөлөөлдөг шүү дээ. Тиймээс урьд өмнөхөөсөө илүү том талбайтай болчихбол бүтээгдэхүүнийхээ тоог ихэсгэж, төрөл зүйлээ ч олон болгоно.

-Танай үйл ажиллагааг сурталчлахаар ирсэн “Баялаг бүтээгчдийн дэмжинэ” төслийн баг хамт олонд ямар үг даймаар байна вэ?

-Бидэн шиг жижиг дунд үйлдвэрлэгчдэд ийм сурталчилгаа явуулах боломж тэр бүр олдоод байхгүй шүү дээ. Тиймээс биднийг зорьж ирэн орон даяар сурталчилж байгаа танай агентлагийн хамт олонд маш их талархаж байна.     

Утас: 99625410, 95625412 

Д.Тэмүүлэн