m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.24 06:04
73
Жони Симпсон: Монгол эмэгтэйчүүд өндөр боловсрол эзэмшсэн ч ажлын байранд хувиргаж чадахгүй байна

НҮБ-ын Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Жендэрийн ахлах мэргэжилтэн Жони Симпсоныг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзан,  тэтгэврийн насны зөрүү, хотын ажиллах хүчний жендерийн асуудал, өндөр албан тушаал дахь эмэгтэйчүүдийн хүйсийн тэнцвэрт харьцаа, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, намуудын эмэгтэй гишүүдийн талаар болон Монголоос НҮБ-ын Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд оролцох оролцоог дэмжих чиглэлээр санал солилцсон юм. Энэ үеэр хатагтай Жони Симпсонтой уулзаж, цөөн асуултад хариулт авснаа хүргэе.



-Таныг монголд анх удаа ирж байгаа гэж сонссон. Ирсэн зорилгыг тань сонирхвол?
-Тийм ээ, би Монгол оронд анх удаа ирж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагад бүсийн жендер эрхэлсэн ажилтнаар томилогдоод удаагүй тул хариуцсан бүс нутгийнхаа орнуудын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг судлахаар ирсэн юм.

-Монгол Улс жендерийн асуудлаар бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Зүүн хойд азийн бүс нутгийн улс орнуудыг ажиглахад, бүгд өөр өөрийн онцлогтой байдаг. Монгол Улс тийм ч доогуур ороогүй. Эмэгтэйчүүд нь өндөр боловсрол эзэмшсэн байна. Гэхдээ үүнийгээ ажлын байранд хувиргах тал дээр хангалтгүй санагдлаа. Тухайлбал, эзэмшсэн боловсролдоо дүйцэх өндөр цалинтай эсвэл илүү шийвэр гаргах түвшний ажил эрхэлж байна уу гэвэл үгүй байна.

Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол гэх мэт эмэгтэйчүүд голдуу ажилладаг салбарт ажиллагсдын цалин эрэгтэйчүүд олноор ажилладаг салбарынхантай харьцуулахад бага байгаа нь анзаарагдлаа. Бүсгүйчүүд олноороо ажилладаг салбарт эрчүүдийг оруулснаар цалин нэмэгддэг. Аль ч хүйсийн хүмүүст илүү боломж гардаг. Тиймээс энэ туршлагыг монголд нэвтрүүлэх хэрэгтэй. Ер нь эрэгтэй, эмэгтэй хүний ажил гэсэн ялгааг арилгах нь зүйтэй. Ижил үнэлгээтэй ажлаас эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн цалин авдаг байх ёстой.

Албан тушаалын тухайд, зөвхөн Монгол гэлтгүй, бусад орнуудад ч мөн ялгаагүй, шийдвэр гаргах өндөр түвшинд эмэгтэйүүдийн оролцоо тун бага байгаа. Дунд дүвшинд ч хангалтгүй. Эмэгтэйчүүд төрийн өндөр алба хашсанаар эрэгтэйчүүдийн олж хараагүй асуудлыг гаргаж ирэх нь илүү байдаг. Иймд эмэгтэйчүүдийг аль болох олноор нь шийдвэр гаргах өндөр түвшинд оруулж ирэх нь чухал.

Бас нэг асуудал бол ажлын байрны бэлгийн дарамт. Би Монголд ирээд удаагүй. Энэ хугацаанд хүмүүстэй ярилцаж байхдаа дээрх асуудал нэлээд гардаг болохыг мэдлээ. Бэлгийн дарамт үзүүлж байгаа хүн нь дарамталж байна гэдгээ мэддэггүй, нөгөө талаас хохирогч нь дарамтлуулж байгаагаа ухаардаггүй. Тэгэхээр энэ талын ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах нь чухал.

-Манай парламентын 76 гишүүнээс 11 нь эмэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн парламентад эмэгтэйчүүд 15 хувийг эзэлж байгаа. Бусад орнуудад энэ үзүүлэлт хэр өндөр байдаг вэ?
-Эмэгтэйчүүдийн парламентад эзлэх хувь хэмжээ улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, Скандиновын орнуудад энэ үзүүлэлт нэлээд өндөр. Монголын парламентад эмэгтэйчүүд 15 хувийг эзэлж байна гэдэг тодорхой хэмжээгээр өссөн үзүүлэлт байна. Ер нь бол парламентын гишүүдийн гуч орчим хувь нь эмэгтэйчүүд байх юм бол аливаа хэлэлцэж буй асуудалд үзэл бодлоо илэрхийлэхэд хүчтэй байж чаддаг, мөн шийдвэрт нөлөөлөх боломжтой болдог. Иймд олон улсын жишгээр 30 хувь гэсэн шугам татдаг. Мэдээж, сонгуулиас, сонгуулийн хооронд эмэгтэйчүүдийн эзлэх жин хэлбэлздэг. Би өөрөө Канад улсын иргэн. Манай улсад парламентын 30 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ энэ үзүүлэлтийг хангалтгүй гэж үзээд, цаашид нэмэгдүүлэхийг зорьж багаа. Эмэгтэйчүүд олноороо шийдвэр гаргах түвшинд очихын тулд эхлээд төрийн байгуулагад ажиллаж, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Ингэснээр улс төрд орох сууриа сайн бэлдэж чадна. Эмэгтэйчүүд улс төрд орсноор засаглалын асуудлыг, ялангуяа мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд эрэгтэйчүүдээс илүү үүрэг гүйцэтгэдэг.

-Манайд эмэгтэйчүүд сонгуульд өрсөлдөхдөө гэр бүл, хүүхэд, эрүүл мэнд, боловсролын асуудлыг түлхүү хөнддөг. Сонгогдсоныхоо дараа ч дээр эдгээр салбар, сэдвүүдэд илүү анхаарал хандуулан ажилладаг. Тэдний зарим нь эдийн засаг, уул уурхай, татварын чиглэлийн хуулийн төслүүд дээр Ажлын хэсэг ахалж, идэвхтэй ажилладаг. Ийм тохиолдолд олон нийт ч тэр, хэвлэл мэдээллийнхэн ч тэр энэ юу мэддэгтээ энэ төсөл дээр ажиллаад байгаа юм бэ гэж үл ойшоосон янзтай хандах байдал ажиглагддаг л даа. Ер нь ингэж эмэгтэйчүүдийн ярих, барьж авах сэдвийг зааглах шаардлага байна уу, туршлагаасаа хуваалцаач...
-Ер нь бол амьдралд эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль аль нь зэрэгцэж оролцдог учраас заавал эмэгтэйчүүдийн асуудал, эсвэл эрэгтэйчүүдийн асуудал гэж ялгах хэрэггүй. Иймд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудалд эрчүүдийг бас түлхүү оролцуулж өгөх нь зүйтэй. Амьдрал дээр эхнэр нь илүү ачаалалтай ажилладаг учраас нөхөр нь арай богиносгосон цагаар ажилладаг, хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэдэг жишээ цөөнгүй байдаг шүү дээ.

-Ээжүүд, ялангуяа залуу эхчүүд, төрснийхөө дараа гэр бүлийн орлого, амьжиргаагаа бодоод ажилдаа яаран ордог. Уг нь хүүхдээ эрүүл, аюулгүй өсгөе гэвэл аль болох удаан хугацаагаар хамт байж, хөхөөр нь хооллох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг аль болох удаан хугацаагаар, ахиухан хэмжээгээр олгож байвал энэ асуудлыг шийдэж болохоор. Энэ талаар ОУХБ-аас ямар бодлого барьж байгаа вэ?
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Эхчүүдийн эрхийг хамгаалах конвенцийг баталсан. Судалгаанаас хараха, ээжүүд хүүхдээ хараад ажлаасаа хэт удаан хугацаагаар хөндийрвөл буцаад ажилдаа ороход мэдлэг, мэдээлэл, ур чадварын хувьд хоцрогддог. Ингэснээрээ зөвхөн  мөнгөн хэлбэрийн бус их хохирол амсдаг. Тиймээс ээжүүдийг ажлаас нь удаан хугацаанд чөлөөлөх нь буруу юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Монголын парламент саяхан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль баталсан байна. Энэ хуулиар ээжүүд хүүхдээ хүнд харуулаад ажилдаа богино хугацаанд эргэн орох боломжоор хангагдаж байгаа гэж ойлгож байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин их ажил хийдэг гэсэн судалгаа байгаа. Энэ нь эмэгтэйчүүд албан ажлын хажуугаар гэрийн ажлаа амжуулж, үр хүүхдэдээ анхаарал хандуулж чаддагтай холбоотой. Тиймээс зөвхөн ээжүүд хүүхдээ хараад гэртээ суух биш аавууд ажлаа амжуулаад хүүхдээ харах боломжийг хангах нь бас чухал юм.

Монгол Улсын парламент удахгүй Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэх байх гэж найдаж байна.  Уг хуульд эдгээр асуудлыг хэрхэн зохицуулахыг тусгаж өгсөн гэдгийг УИХ-ын гишүүн, хатагтай Ц.Оюунгэрэл уулзалтын үеэр хэлсэн. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс мөн мэдээллээр хангаж, зөвлөн, нэлээд идэвх зүтгэл гарган  ажилласан.