m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.24 06:45
61
Бүтэн жилийн эрч хүч хайрласан Баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөгөөн

Монгол эх орныхоо өнцөг булан бүрт үйлдвэрлэл эрхэлж буй баялаг бүтээгчдийнхээ хөгжлийн түүчээ нь болон тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд гүүр болон ажиллаж буй “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооноос 21 аймагт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл тус холбоо энэ удаад Өвөрхангай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ бүтэн өдрийн турш чуулж, санал бодлоо солилцож, сум орон нутагт үйлдвэрлэл явуулахад тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар ярилцлаа.

Өвөрхангай аймгийн баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөгөөнийг “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо болон тус төслийг хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хамт олон зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус аймгийн 19 сумын 628 төлөөлөгч оролцохын зэрэгцээ хийсэн бүтээгдэхүүн, бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, харилцан туршилга солилцож, цаашид хамтран ажиллах  гэрээг байгуулсан ихээхэн ач холбогдолтой чуулга уулзалт болсон юм.  

Ч.Даваабаяр: Баялаг бүтээгчид эх орныхоо хөгжилд онцгой хувь нэмэр оруулдаг

  Баялаг бүтээгчдийн зөвлөгөөнийг “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр нээж үг хэлсэн юм.

Тэрбээр “Бид өнөөдөр баялаг бүтээгчдийн цөм болсон энэ сайхан нутагт хүрэлцэн ирж анхдугаар зөвлөгөөнөө хийж байгаадаа баяртай байна. Эрхэм үйлдвэрлэл эрхлэгчдээ нэгтгэх их давалгаанд өвөрхангайчууд идэвхтэй нэгдэж буйд талархаж байгаагаа илэрхийлье. Бидний эхлүүлсэн энэ давалгаа Монгол орныг олон тулгууртай хүчирхэг эдийн засагтай,  бүтээлч улс орон болоход ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл өнгөрсөн 10 сарын хугацаанд Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллаж, 21 аймгийн 400 гаруй аж ахуй нэгж, байгууллагын үйл ажилаагаатай танилцаж, тэдний хийж бүтээж байгаа ажлыг орон даяар сурталчилж, алдаршууллаа. Үүнээс Өвөрхангай аймагт гэхэд нийт 19 сумаар тойрч, 100 гаруй баялаг бүтээгчийн үйл ажиллагаатай танилцаж, орон даяар сурталчилсан байна. Манай “Масс агентлаг” баялаг бүтээгчдийнхээ хийж бүтээж байгаа зүйлийг хэвлэл мэдээлэлийн хамгийн том, өргөн сүлжээгээр улс орон даяар цацаж нэвтрүүлж, баялаг бүтээгчдийн томоохон мэдээлэлийн баазыг бүрдүүлж чадлаа” хэмээсэн юм.

Төсөлд хамрагдсаны үр дүнд Өвөрхангай аймгийн Уянга сумын эрээн гэрийн модны өвийг уламжлан үлдсэн “Уянгын ур” модыг орон даяар хүмүүс мэддэг болсон бол Хайрхандулаан сумын монгол гутал үйлдвэрлэгчийн гутлыг аймгийнхан нь шагшин магтаж, АНУ-аас 500 ам.доллараар худалдаж авчээ. Мөн Хайрхандулаан сумын төмрийн дарханы ур ухаан авьяасыг үнэлж Улаанбаатар хотоос  урьж ажиллуулж байна. Бас Өвөрхангай аймгийн томоохон үйлдвэрүүд олны анхааралд орж, бүсдээ томоохонд нь тооцогдож байгааг онцоллоо.

Өвөрхангай аймгийн “Баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”-д Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, Хөдөлмөрийн сайдын зөвлөх, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбаяр, мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга П.Пунсалмаа, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Я.Баасанжав, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Ганболд, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Г.Оюунчимэг болон албаны бусад хүмүүс оролцож, үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ санал бодолыг солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах, дэмжиж туслах талаар харилцан зөвлөлдсөн юм.

Мөн тус зөвлөгөөн, чуулганыг Өвөрхангай аймгийн “Дэлгэрэх хүнс” ХХК, “Ноос ирээдүй” ХХК дэмжин ажилласан бол Монголын залуучуудын холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоотой цаашид хамтран ажиллах хүсэлтээ гаргасан юм.

 

Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс үйл ажиллагааг нь дэмжин, орон даяар сурталчилж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн санаачлагч “Масс агентлаг”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр болон холбоо, төслийн хамт олонд баярлаж буйгаа илэрхийж байлаа. Харин баялаг бүтээгчдэд тулгардаг нийтлэг бэрхшээл нь санхүүгийн асуудал болон бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хомс гэдгийг олон үйлдвэрлэгчид хэлсэн юм. Төр засгаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бага хүүтэй зээл олгон дэмжиж байгаа хэдий ч энэ зээлийн хэмжээ нь үйлдвэрлэл явуулахад хүрэлцдэггүйгээс гадна төлөх хугацаа богино, нэг удаа зээл авсан бол дахиж авах боломжгүй зэрэг дутагдалтай тал байдаг аж. Харин арилжааны банкуудаас хувиараа зээл авах хүсэлт гаргахаар банкнаас тавьж буй шаардлага хэтэрхий өндөр учраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараг авах боломжгүй байдаг аж. Энэ мэтээр үйлдвэрлэл эрхлэгчидэд тулгардаг олон бэрхшээл, саадыг зохицуулах төрийн бодлого хэрэгтэй байгааг зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр хэлэлцэж зөвлөмж гаргасан юм.

Энэхүү зөвлөгөөний үеэр бас нэгэн ач холбогдолтой үйл явдал болсон нь “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга нарыг томилсон юм. Баялаг бүтээгчдийн сумдын салбар хороодыг байгуулснаар үйлдвэрлэл эрхлэгчид хамтран хорших, нэгдэн хөгжих томоохон тулгуур үндсийг тавьж өглөө.

 

Үйлдвэрлэл эрхлэгчидэд тулгардаг олон бэрхшээл, саадыг зохицуулах төрийн бодлого хэрэгтэй байгааг зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр хэлэлцэж зөвлөмж гаргасан юм.

Үйлдвэрийг төрөлжүүлж, уялдаа холбоотой ажиллана

Энэ үеэр Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох яамнаас барьж буй бодлого шийдвэрүүдийг зөвлөгөөнд оролцогчдод танилцуулж байлаа. Тэрбээр “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооноос хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Аж үйлдвэрийн яамнаас барьж буй бодлоготой ихээхэн уялдаатай явагдаж байгаа. Тийм учраас бид аль болох хамтарч ажиллахыг зорьж байна. Өнөөдрийн зөвлөгөөнд оролцогчид маань маш олон асуудалыг ярилаа.

Өвөрхангай аймгийн хувьд хамгийн их хэрэгцээтэй байгаа үйлдвэрлэл нь сав, баглаа, боодлын үйлдвэр юм байна. Энэ чиглэлийн үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэх тал дээр бодлогоор дэмжин ажиллана. Мэдээж үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төрөөс болон яамны зүгээс сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулж хөнгөлттэй зээлийг олгодог.

Гэхдээ зөвхөн зээл өгөөд, эрхзүйн орчныг санаачилаад орхих бус зарцуулалт, хэрэгжилтэнд анхаарч ажиллах шаардлагатай юм байна. Мөн үйлдвэрүүдэд боловсон хүчний асуудал их хүндрэлтэй байгаа тал ажиглагдлаа. Энэ тал дээр бодлого боловсруулах хэрэгтэй гэж үзлээ. Цаашид үйлдвэрүүдийг төрөлжүүлж, хооронд нь уялдаа холбоотой хамтарч ажилуулах, борлуулалтыг нь сүлжээгээр дэмжих шаардлагатай байна” гэсэн юм.

Мөн зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгчид өөрсдийн хийж буй баялагаа сурталчилж, бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргасан юм. Үзэсгэлэн худалдаанд тавигдсан төрөл бүрийн бүтээл нь өвөрхангайчууд ямар ч бүтээгдэхүүнийг хийх чадвартай болсон нь анзаарагдаж байв.

Хийц, загвар, өнгө үзэмж, материал, чанарын хувьд өндөр түвшинд үйлдвэрлэл эрхэлдэг болсон нь эрэлт, борлуултанд нь сайнаар нөлөөх эерэг хандлага ч бас ажиглагдаж байлаа. Тус аймгийн хэмжээнд шинэ жил, цагаан сараар хоёр удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг байсан бол энэ жилээс энэхүү “Баялаг бүтээгчдын зөвлөгөөн”-д зориулсан үзэсгэлэн худалдаа нэмэгдэж, жил бүр уламжилал болгон явуулж байхаар тогтлоо.

Ийнхүү олон асуудлуудын талаар ярилцаж, зөвлөлдөж, санал бодлоо солилцож, бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэнд оролцсон эрхэм баялаг бүтээгчид маань зөвлөгөөний хаалтын арга хэмжээний хүрээнд урлагийн тоглолт үзэж сонирхсон. Баялаг бүтээгчдэд зориулан МУГЖ Б.Жаргалсайхан/хасар Жагаа/, Түмэн эх чуулгын дуучин МУСТА С.Нэргүй, дуучин Л.Банзрагч нар уран бүтээлийн дээжээ өргөсөнд баялаг бүтээгчид маань талархаж буйгаа илэрхийлэв.

Масс агентлагийн хамт олондоо баярлалаа

Зөвлөгөөнд оролцсон баялаг бүтээгчидтэй уулзаж, ярилцлаа.

Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбаяр

“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо Өвөрхангай аймагт анхдугаар чуулганаа хийлээ. Энэ зөвлөгөөн нь цаг үеэ олсон маш чухал ажил болж өндөрлөлөө. Манай аймгийн бүх сумдууд 100 хувийн ирцтэй энэхүү чуулга, уулзалтанд оролцлоо. Тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аймгийн томоохон үйлдвэрлэгчид оролцсоноороо ихээхэн ач холбогдолтой болсноос гадна зохион байгуулалт их сайтай байлаа. Үнэхээр 1990 оноос хойш манай жижиг дунд бизнес эрхлэгчид маань хоорондоо нэгдэж чадалгүй өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийддэг, зарим нь зээл тусламж авч чадалгүй төрөл бүрийн бэрхшээлтэй учирдаг басйан бол “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж, үйлдвэрлэгчид маань хоорондоо нэгдэж нэг холбоонд орж чадлаа. Үүний үр дүнд бизнесийнх нь үйл ажиллагаа сайжирч, реклам сурталчилгаа нь ч хийгдэж, борлуулалт нь нэмэгдэх чухал ач холбогдолтой юм. Монгол Улс үйлдвэрлэгч орон болж буй энэ үед жижиг дунд бизнес эрхлэгчид хоорондоо нэгдэж нэг далбаан дор орж бие биенийгээ дэмжиж, хамтран ажиллаж байгаа нь маш том ажлын үр дүн болов уу. Баялаг бүтээгчидэд маань тэднийг дэмжих холбоо байгуулах зайлшгүй шаардлага байсан юм. Үүнийг “Масс агентлаг”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр ончоор харж энэ олон хүмүүсийн нэгдэлийг бий болгож, Монгол Улсын эдийн засагт шууд хамааралтай ажлыг зохион байгуулж байна. Би саяхан олон сумдаар ажиллаад ирлээ. Ингэж явхад очсон сум болгоны иргэд энэ төслийн талаар ам сайтай, дэмжиж байна лээ.

- Өлзийт сумын иргэн:

Өвөрхангай аймгийн хэмжээнд баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөгөөн болж өнгөрлөө. Үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Би Өлзийт сумаас 12 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Бүгдээрээ их юм сурч, олон сайхан хүмүүстэй танилцлаа. Танай төслийн хамт олон болон, Ч.Даваабаяр захиралд үнэхээр их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

- Тарагт сумын иргэн:

“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны буянаар өөрийнхөө үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ орон даяар сурталчилж, гадаад дотоодоос өчнөөн олон захиалагчтай болсон. Үнэхээр хэлэх үг олдохгүй их байна. Та бүхний гэгээн цагаан мөр тань олон баялаг бүтээгчдийг амжилтанд хүргэх болтугай.

- Богд сумын иргэн:

Хөдөөнөөс өглөө ирсэн үнэхээр баяртай байна. Олон зүйл мэдэж авлаа. Бүтэн жилийн ядаргаагаа тайлж сайхан тоглолт үзлээ. Би эсгий эдлэлээрээ үзэсгэлэн худалдаанд оролцсон. Нутгийнхаа шүтэж явдаг дуучныхаа тоглолтыг үзлээ. Ийм сайхан боломж олгосон танай хамт олон болон төсөл санаачлагч Ч.Даваабаярт их баярлалаа.

- Арвайхээр сумын иргэн:

Юуны өмнө биднийг дэмжиж бүтэн өдрийг бидэнд зориулсан та нарт баярлалаа. Ааруул, цагаан идээгээрээ үзэсгэлэнд оролцсон. Бид чинь үйлдвэрлэлийнхээ орчинд завгүй ажиллаад гарах зав олддоггүй юм. Харин өнөөдөр олон хүмүүтэй танилцаж, туршлага солилцож, тоглолт хүртэл үнэгүй үзлээ. Үнэхээр их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Ийнхүү бүтэн нэг өдрийн турш чуулан үйлдвэрлэл явуулахад тулгамдаж буй асуудлаа ярилцаж, бусад сумдынхаа үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал бодол, туршилга солилцсон Арвайхээрийн баялаг бүтээгчид маань ёслолын буудлагаар үйл ажиллагаагаа өндөрлүүлсэн юм.

Нөр их хөдөлмөрөөрөө баялаг бүтээж улс их орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм баялаг бүтээгчид маань энэхүү чуулга, уулзалтаас цаашид ажиллах эрч хүч, урам зориг авсан гэдэгт итгэл дүүрэн байна.

С.Мөнхжаргал