m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.24 07:02
122
Алдарт таван хамтлаг хамтран тоглоно

Монголын рок, попын ертөнцөд өөр, өөрийн гэсэн өнгө төрх бүрдүүлж нэгэн үе залуусын шүтээн болж байсан "Камертон", "Номин талст", "Салхи", "Сүнс", "Guys" хамтлагууд нэгдэн аравдугаар сарын 9-нд UB Palac-т "Мартагдашгүй" тоглолтыг ганцхан удаа зохион байгуулах гэж байна. Энэ талаарх мэдээллийг өгөхөөр өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тоглолтыг дуучин, продюсер Л.Тайванбат санаачилсан бөгөөд тоглолтын нэрийг ч мөн өгсөн байна. Тэрбээр энэ талаараа "Тоглолтын нэрийг нэлээд бодож, хоорондоо зөвлөж байж өгсөн. Учир нь эдгээр таван хамтлаг урлагийн ертөнцөд өөр өөрийн гэсэн орон зайгаа эзэлсэн төдийгүй нэгэн үе залуучуудыг байлдан дагуулж явсан бөгөөд өнөөдөр ч хүмүүс эдгээр хамтлагуудыг мартаагүй, сонсох дуртай хэвээрээ байгаа болохоор "Мартагдашгүй" хэмээн нэрлэсэн юм" гэлээ.

Энэ үеэр "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн "Би олон жилийн өмнөөс л яг ийм тоглолт хийх юмсан гэж мөрөөдөж байсан. Тэгвэл одоо миний мөрөөдөл биеллээ олох гэж байна. Тоглолтоо бид таван хамтлаг маань маш өндөр түвшинд сайн зохион байгуулалттай хүргэнэ" гэсэн юм.

Мөн "Камертон" хамтлагийн дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амар "Бидний хувьд өмнө нь хамтдаа тайзан дээр гарч байсан тохиолдол байдаггүй. Ийм тохиолдол гадаадын хамтлагуудын дунд ч гарч байгаагүй учраас энэ бол хэн нэгнийг болон гаднын оддыг дуурайсан үзэгдэл биш юм шүү" гэж онцоллоо.

Тэгвэл байгуулагдсан цаг хугацаагаар нь тооцвол "Guys" хамтлаг бусдаасаа хамгийн залуу нь юм байна. “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар "Тоглолтыг жүжигчилсэн хэлбэрээр найруулан тавина. Хамтлаг тус бүр шилдэг уран бүтээлээсээ хүргэнэ. Үзэгчиддээ зориулан олон сюрприз бэлдсэн байгаа" гэдгээ мэдэгдлээ.