m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.25 02:33
90
М.Нямсүрэн: Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгт хяналт шалгалт хийлээ

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнтэй сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын үр дүн хэр байсан талаар ярилцсанаа хүргэж байна

Саяхан танай хэлтсээс Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгийн бэлтгэл хэрхэн  хангадсан байдлыг шалгасан гэж дуулсан. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-иудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулах зорилготойгоор бэлтгэл ажлыг шалгах тухай удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналт, хүнсний чанар аюулгүй байдлын болон эрүүл ахуй, халдвар хамгаалалын хяналтын улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийсэн.  Уг шалгалтаар Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн бэлтгэл байдал 90-ээс дээш хувь бүрэн хангагдсан байсан.

Шалгалтаар шинээр ашиглалтанд орох болон орж амжаагүй сургууль, цэцэрлэгийн барилгууд байсан уу?

Хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор засварын ажил нь бүрэн дуусаагүй хэд хэдэн газрууд байсан. Гэхдээ харьцангуй манай ХУД-ийн нутаг дэвсгэр дээр сургууль цэцэрлэгийн барилгажилт, ашиглалт дээр нилээдгүй их хөрөнгө оруулалт хийгдсэн сайн талтай. Учир нь дүүргийн хувьд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” болох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын нилээдгүй томоохон асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд: 15 дугаар хороон дээр гэхэд нийслэлийн хөрөнгөөр 180 хүүхдийн суудал бүхий бага сургууль, 120 хүүхдийн ортой 128 дугаар цэцэрлэгийн цогцолборыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар бэлэн болоод байгаа. Мөн Буянт-Ухаа-1 хорооллын 120 хүүхдийн хүчин чадал бүхий 223 дугаар цэцэрлэгийн 2 барилгыг засгийн газрын хуралдаанаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж төрийн өмчид энэ оны 9 дүгээр сардаа багтаан эхлүүлэхээр бэлэн болчихоод байж байна.

Сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажил хэр хангагдсан байсан бэ?

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 52, 72 дугаар цэцэрлэгүүдэд 50 сая,  41 дүгээр цэцэрлэгт 40 сая төгрөгийн сантехник, ариун цэврийн өрөөний их засварын ажлууд тус тус хийгдсэн байсан. Дүүргийн хөрөнгө оруулалтаар 41 дүгээр цэцэрлэгт 80 сая төгрөгний ээлжит засвар хийгдэж, 71 дүгээр цэцэрлэг дээр “Өвсний үндэс” хөтөлбөрөөр 100 сая төгрөгний засвар хийгдсэн. Мөн 29, 71 дүгээр цэцэрлэгийн бохир усны шугамын асуудлыг засварлах, цэвэрлэх байгууламж байгуулах зэрэг ажлууд хийгдсэн. Үүнээс гадна 18, 34 дүгээр сургуулиудын ангиудыг шинэчилэн тохижуулах ажилд хөрөнгө оруулалт хийсэн зэргээс харахын бол манай дүүргийн сургууль, цэцэрлэгтэй холбоотой нилээдгүй асуудлууд шийдвэрлэгдсэн байдалтай байна. Манай дүүргийн Засаг захиргааны нэгжүүд тодорхой хэмжээгээр энэ асуудал руу санаа тавьж, хөрөнгө оруулалтыг татаж ирж хөгжлийг Хан-Уул руу чиглүүлж байгаагийн тод илэрхийлэл гэж манай хяналтын байгууллагын зүгээс үзэж байгаа.

Сургалт явуулах орчин бүрэн хангагдсан нь шалгалтаар батлагдсан гэж ойлгож болох уу?

Хяналт шалгалт хийж байх явцад бэлтгэл ажил хэр зэрэг хангагдсан бэ гэдэг дээр барилга байгууламжаас гадна сургалтын үйл ажиллагаатай холбоотой зүйлүүдийг бас хяналт шалгалтынхаа ажлын нэг хэсэг болгож үзсэн. Одоогоор дунд, ахлах ангийн сурах бичгийн хангамж 100 хувь хийгдсэн. Сургуулийн номын сангуудаар олгогддог хуваарилалт  бүрэн дүүрэн хийгдэж амьжаагүй байсан. Татан авалтын ажлууд зохион байгуулагдах шатандаа явагдаж байлаа.  Ариун цэвэр, тохижилт, эрүүл ахуйтай холбогдолтой зүйлүүд дээр ер нь СӨБ байгууллагууд харьцангуй бэлтгэл сайн хангагдсан байсан.

Үдийн цай хөтөлбөрийн эрүүл, аюулгүй байдлын талаар нилээдгүй хэл ам гардаг. Гэхдээ сүүлийн үед харьцангуй сайжирсан санагддаг. Танай хэлтсээс энэ тал дээр хэр анхаарч ажилладаг вэ?

Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд хүнсний бараа татан авалт, хадгалалт, түгээлт зэрэг журамлагдсан зүйлүүд дээр нилээдгүй асуудал байсныг тухай бүрт нь тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлага, холбогдох хүмүүст нь зөвөлгөө өгч ажилласан. Энэ тал дээр цаашид хяналтынхаа ажлуудыг үргэжлүүлэн хийгээд явна. Мөн бид сургууль, цэцэрлэгийн ундны усыг шалгаж, шинжилгээ хийсэн. Энэ тал дээр зөрчилтэй зүйлүүд илрээгүй. Лабораторын шинжилгээний дүнгээр шаардлага хангасан ундны усаар хангагдаж байгаа нь нотлогдсон.

Энэ оны 6 сард 41 дүгээр цэцэрлэгийг түр хугацаагаар хаасан. Одоо энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?

Эцэг эхчүүдийн гомдол ирсний дагуу 41 дүгээр цэцэрлэгт шинжилгээтэй хяналт шалгалт хийхэд эрүүл ахуйн дэглэм алдагдсан зөрчил илэрч, түр хугацаагаар хаасан. Илэрсэн зөрчлийг арилгах ажлын хүрээнд шугам хоолойн засвар шинэчлэл, хоол үйлдвэрлэлийн болон ариун цэврийн өрөөний засвар шинэчлэлийг хийсэн.  Тухайлбал бохирын болон дулааны шугам хоолой, дээврийн засвар болон урсгал засварын ажлуудыг хийсэн. Мөн хүнсний агуулахыг бүрэн шинэчилж, хүүхдийн ариун цэврийн өрөө, гал тогоо зэргийг бүрэн засварлаж тохижуулсан байсан. Тиймээс үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангагдсаны дагуу дахин хяналт, шалгалт хийн актаа сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах бололцоотой байна гэсэн дүгнэлт гаргасан.

Шалгалтын явцад анхаарвал зохих бусад зүйл ажиглагдаж байв уу?

Саяын хяналт шалгалтын явцад ажиглагдсан зүйл бол сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн ашиглалтын тал дээр судалгаа хийж үзье гэсэн санал гаргаад байна.  Өөрөөр хэлбэл, манай хяналт шалгалт нь одоо байгаа байдлыг стандарт, хуулийн хэрэгжилт хэр зэрэг байнаа гэдгийг шалгахаас гадна цаашдаа шийдвэр гаргадаг түвшний хүмүүст байгаа байдлыг мэдээллэх гол үүрэг ноогддог. Тэр утгаараа барилга байгууламжийн насжилтын тухай судалгааг гаргаж хүргүүлье гэсэн бодолтой байгаа.

Энэ судалгааг хийснээр тухайн барилга байгууламж нь хэдийд ашиглалтаас гарах, хэдийд бүрэн хэмжээний засвар үйлчилгээ шаардлагатай  байна вэ гэдгийг тодорхойлж ирээдүйн  төлөвлөлтөнд оруулах зорилгоор тодорхой хяналт, судалгааны ажлыг хийгээд эхлүүлчихсэн явж байна. Энэ тухай дүүргийн засаг даргад болон БСШУЯ-нд саналын хамт хийсэн хяналт шалгалтынхаа тайланг бас давхар явуулсан.

Нөгөөтэйгүүр сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, засвар нь хугацаандаа дуусахгүй байгаа нь хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх ажил удаашралтай явагддагтай холбоотой түүнчлэн тухайн барилгын компани нь хугацаандаа шахагдаж байгаа нэрийдлээр чанар муутай ажил гүйцэтгэх зэргээр сөрөг үр дагаварууд гарч байна. Тиймээс ялангуяа улирлаар батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хичээл сургалт явагддаг газруудын  тендэр шалгаруулалт, хөрөнгө мөнгөний асуудлыг цаг алдуулалгүй эхний ээлжинд шийдвэрлэдэг болгох шаардлагатай байгаа нь харагдсан. Манай улсын хувьд  сургалтын ажлыг сайдын баталсан хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулах  ёстой байдаг. Гэтэл сургуулийн барилгын бэлтгэлийг хангаагүйгээс болоод хэдэн  сараар хойшлогдох явдал гарсаар байгаа нь түүнтэй холбоотойгоор хөтөлбөр шахагдах, сургалтын бэлтгэл бүрэн хангагдахгүйгээр хичээл эхлэх, сурч байгаа сурагчдад ачаалал үүсгэх түүнээс улбаатай сурлагын чанарт нөлөөлөх зэрэг сөрөг байдлууд байсаар байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд ажлын амжилт хүсье