m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.25 07:44
329
Их Авзага хайрханаа шүтэн дээдэлдэг Тарагт сумынхан

“Масс агентлаг”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаярын санаачилсан “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Тарагт сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг сурвалжлахаар зорьж ирлээ.

Тарагт сум нь 1924 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны нутаг дэвсгэр юм. Туяа, Арвайн тал, Хүрэмт, Урт, Их булаг, Алтан тал гэсэн зургаан багаас бүрдэх бөгөөд Өвөрхангай аймгийн баруун хэсэгт оршдог.

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Тарагт сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг сурвалжлан хүргэж байна

Нутгийн зон олны их шүтээн болсон бахархалт уул нь Их Авзага хайрхан. Урд талаас нь харахад биеэ ороогоод хэвтэж байгаа арслан, бар шиг харагддаг. Орой дээр нь эмэгтэй хүн гарч болдоггүй догшин хайрхан гэх бөгөөд тус хайрханд дан ганц архи өргөхгүйгээр сүү, цай, идээ өргөдөг заншилтай аж. Их Авзага хайрхан өөрийгөө шүтдэг нутгийн зон олноо алс холоос ч ивээлдээ багтааж, хамгаалдаг хэмээн нутгийн иргэд шүтэн дээдэлдэг юм. Мөн Ав хайрхан, Аав хайрхан ч гэж нэрлэх нь бий. Учир нь аавын халуун хайр, нөмөр нөөлөгтэй адилтгадаг болохоор ийн нэрийдсэн ч байж мэдэх юм хэмээн ярьдаг ажээ.

Мөн тус сумын нутагт нэн эртний үеэс хүн амьдарч байсан ул мөр болох чулуун ба хүрэл, төмөр зэвсгийн үеийн түүхийн дурсгалууд, хадны сүг зурагнууд олон байдаг байна. Өдгөө 1017 өрхийн 3180 хүн оршин сууж буй Тарагт сум хүн амынхаа тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас 15-д ордог байна. Улаанбаатар хотоос 465 км, аймгийнхаа төвөөс 35 км-ийн зайд орших тус сум нь Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Баянгол, Төгрөг, Хайрхандулаан, Уянга, Гучин-Ус зэрэг сумдтай хиллэдэг.

Тарагт сум жилд нийт 1203.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас  мал аж ахуйгаас 1065.0 сая төгрөг, газар тариалан, жижиг дунд үйлдвэрийн салбараас 127.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ингэснээр дотоодын нийт бүтээгдэхүүний 89.3 хувийг мал аж ахуйн салбараас бүрдүүлж байгаагаас үзэхэд тус сумын эдийн засгийн үндэс суурь нь мал аж ахуйн салбар юм.

Дээр хэлсэнчлэн мал аж ахуйн салбарт суурилдаг зон олноос 592 өрх өдгөө малын буянаар ам тосдож сайхан амьдарч байна гэдгээ хэлж байсан юм. Харин жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид буюу хувийн бизнес эрхэлж, өөрсдийн брэнд бүтээгдэхүүн гаргаж, сумынхаа нүүр царай болж буй иргэд олон аж. Хувийн бизнес эрхэлж яваа 20 гаруй компани, хоршоо байдгаас дийлэнх нь хоршоо, нөхөрлөлийн төрлөөр хамтарч ажиллаж байна.

Хувийн бизнес эрхэлж яваа 20 гаруй компани, хоршоо байдгаас дийлэнх нь хоршоо, нөхөрлөлийн төрлөөр хамтарч ажиллаж байна

Тарагт сумын баялаг бүтээгчдээс цухас танилцуулахад, ааруулын хэв, тавгийн идээний цар, бэлэг дурсгалын гэх мэт модоор сийлж болох бүхий л зүйлийг хийдэг “Ариунсанаа” мужааны цех өдгөө байгуулагдаад гурван сарын хугацааг үджээ. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа ч хэдийн олон захиалагчтай болж, хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээгээд байгаа гэсэн шүү.

Бидний зочилсон дараагийн үйлдвэрлэгч бол “Хос арвайн түрүү” хоршоо. Шинэ Зеландын хэрэгжүүлж буй төсөлд хамрагдаж ногооны үрээ авч мөн нэг хүлэмж бариулсан тус хоршоо нь анх таван гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эрхэлж байсан бөгөөд өдгөө 50 гишүүнтэй өнөр өтгөн хоршоо болжээ.

Хос арвайн түрүү” хоршоо. Шинэ Зеландын хэрэгжүүлж буй төсөлд хамрагдаж ногооны үрээ авч мөн нэг хүлэмж бариулжээ

Сумандаа ганцхан сур, суран бүтээгдэхүүн хийдэг Тарагт сумын иргэн Т.Чимэдгочоог төсөлдөө онцолж байна. Сураар арав гаруй төрлийн бүтээгдэхүүн хийдэг тэрбээр сумынхаа болоод зэргэлдээх сумдынхаа малчдын хэрэгцээг бүрэн хангадаг байна. Мөн аймгийнхаа үзэсгэлэн худалдаанд суран эдлэлээрээ оролцож “Хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн”-ээр шалгарч байжээ. 

аймгийнхаа үзэсгэлэн худалдаанд суран эдлэлээрээ оролцож “Хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн”-ээр шалгарч байжээ.

Д.Тэмүүлэн