m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.25 08:43
290
Д.Сумъяадорж: Манай гутал зуузай сууна гэсэн ойлголт байхгүй

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрт Сант сумын өрхийн үйлдвэрлэгч Д.Сумъяадорж гуай оролцлоо. Тэрбээр сумандаа үйлдвэрлэл эрхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд нутгийн иргэдийн сэтгэлд бүрэн нийцсэн эдэлгээ сайтай чанартай бүтээгдэхүүн хийдэг юм.

-Эсгийний үйлдвэрлэл эрхлээд хэдэн жил болж байгаа вэ?

-2014 оноос бизнесээ эхлүүлсэн. Түүхий эдээ малчдаас худалдаж авдаг. Ер нь голдуу ахарын ноос болон хурганы ноос авдаг. Цаг агаарын байдлаас хамаараад жилдээ 2-3 сар л эсгийний үйлдвэрлэлээ эрхэлдэг. Энэ жил 200 орчим эсгий хийгээд байна. Эсгий хийх ажил зогссоноос хойш эсгий гутал хийж эхэлдэг.

-Эсгийгээ хэдэн төгрөгөөр борлуулдаг вэ. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажлаа явуулж байна?

-Эсгийгээ 70 мянгаар борлуулдаг. Эсгий зулах хэсэгт хоёр ажилчин, бутлагч,самнагч машин дээр хоёр хүн гэхчлэн 7-8 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа явуулж байна.

-Өдөрт хэчнээн эсгий гаргах хүчин чадалтай вэ?

-Өдөрт есөн эсгий гаргах бүрэн боломжтой.Манай самнах машин ноолуурын чиглэлийнх учраас сайхан эсгий гарах нэг үндэс болдог. Ноолуурын машин маш нарийн сэмэлдэг учраас чанартай эсгий гаргадаг гэж ойлгож болно.

-Танай суманд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага бий юү?

-Манай суманд гутлын чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг газар гурав бий шүү.

-Эдгээрээс танай бүтээгдэхүүний давуу тал юу вэ?

Манайх эмэгтэй гутлынхаа хажуу тал дээр хээ гаргаж өгдөг. Энэ жилийн хувьд гутлаа зузаалж хийдэг болсон. Хүмүүс янз бүр. Зарим нь дулаан гээд зузаан гутал сонирхож байхад зарим нь гоёмсог  гээд нимгэн загвар сонирхоно. Тэгэхээр манайх янз бүрээр хольж, загвар шийдэлдээ анхаарч байгаа. Дунджаар эрэгтэй гуталд гурван кг ноос ордог. Жишээ нь, энэ гутал жил гаруй өмссөн гэхэд яагаа ч үгүй байгаа биз дээ.

-Жил гаруй өмссөн гэхэд зуузай нь суугаагүй байна шүү. Энэ танай технологитой холбоотой юу?

-Тийм ээ. Манай гутал ер нь зуузай сууна гэсэн ойлголт байхгүй. Энэ нь  удаан нүдэж, нягтруулж, ноосоо сайн сэмэлсний тус юм. Хэчнээн нимгэн хийсэн ч шалчийж унадаггүй. Манай технологийн дагуу савангаар сайн нягтруулж,сүүлд нь шар сүүгээр зайлж угаасан нь нэг ёсны сайн чанарын цардуул болж өгдөгтэй холбоотой байх даа.

Манай гутал ер нь зуузай сууна гэсэн ойлголт байхгүй. Энэ нь  удаан нүдэж, нягтруулж, ноосоо сайн сэмэлсний тус юм.

-Гутлынхаа өнгө дизайныг өөрчлөх талаар судалгаа хийж үзсэн үү?

-Судалж үзсэн зүйл одоогоор алга. Орон нутгийнхан голдуу цагаан эсгий сонирхдог юм. Өнгөрсөн жил хар ноосоо тусад нь ялгаж хар эсгий гутал хийж үзсэн. Хүмүүс тоос шороо нь мэдэгдэхгүй, их амар юм гээд ам сайтай байсан.

-Нэг гутал хийхэд хэр цаг хугацаа шаардлагатай вэ?

-Хос гутал хийхэд гар ажиллагаатай учраас 2-3 цаг орно. Эрэгтэй гутал 50 мянга,эмэгтэй гутал 40 мянга, хүүхдийн гутал 15-25 мянга гэсэн ханштай худалдаалагддаг.

-Жилдээ хэр их захиалга ирдэг вэ?

-Анх байгуулагдаж байхад захиалга их байсан. Одоо үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд олширчбайгаа учраас захиалга бага зэрэг багассан шүү. Баян-Өндөр, Эрдэнэдалай суманд гутлын борлуулалт сайн байдаг юм. Харин эсгийний хувьд ноднин Улаанбаатар хотоос бүтэн гэрийн 18  эсгийний захиалга ирж байсан. Улаанбаатар, Сэлэнгээс захиалж байгаа эсгийг голдуу гудас хийх зорилготой авдаг юм байна лээ. Энэ жил хот чиглэлээс манай цагаан эсгийг сүрхий сонирхож байгаа шүү.

-Малчдаас ноосоо гэрээтэй авдаг уу?

-Малчдаас эсгий хийх ноосоо 1 кг-ыг нь 800 төгрөгөөр авдаг. Харин гутлын ахарын ноосыг 2500-3000 төгрөгөөр авна. Ер нь ахарын ноос ховор байдаг юм. Өнгөрсөн жил малчдаас хоёр тонн гарантай ноос татсан. Энэ жил 1.5 тн ноос авсан байгаа.

-Үйлдвэрлэлээ өргөжүүлэх талаар бодож төлөвлөсөн зүйл байгаа юу?

-Санхүүгийн боломж бололцоо сайн бол ажлын байраа томруулж үйлдвэрлэлээ өргөжүүлэх юмсан гэж бодолгүй яах вэ. Ноднин урд байшиндаа бүх үйл ажиллагаагаа явуулсан. Мөн өнгөрдөг хавар агуулах байгуулаад дотор нь ноосоо ялгаж эхэлсэн нь ажилчдын маань ажлыг их хөнгөвчилсөн. Ер нь ноосоо тусдаа байранд ялгаснаар байгаль орчин бохирдохгүй гэх мэт давуу тал ихтэй юм байна лээ.

Ер нь ноосоо тусдаа байранд ялгаснаар байгаль орчин бохирдохгүй гэх мэт давуу тал ихтэй юм 

Утас: 89803353 88727309