m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.25 13:16
70
Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр Баянхонгор аймагт ажиллав

 

Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр Баянхонгор аймгийн хөдөлмөрийн хэлтэс, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын хамт олонтой уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Баянхонгор аймаг нь баруун бүсийн тулгаар төв юм. Энэ хэрээрээ тус аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд тогтмол өсөж иржээ. Одоо тус аймаг 82 мянга гаруй хүн амтай. Үүнээс 35 мянга гаруй иргэд нь аймгийн төвдөө амьдардаг байна. Эдгээр иргэдийг ажлын байраар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлж буйгаа Баянхонгор аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Э.Энхтөр ярьж байлаа. Тус хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малчдын, хөгжлийн бэршээлтэй иргэдийн, залуучуудын гэсэн үндсэн чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна.

Оны эхний 10 сарын байдлаар тус Хөдөлмөрийн хэлтсээс нийт 577 хүнийг шинээр ажилд зуучилжээ. Энэ нь өмнөх хоёр жилтэй харьцуулахад буурсан тоо юм. Ажилд зуучлагчдын тоо буурч байгаа шалтгаан нь томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажилтай холбоотой гэнэ. Түүнчилэн төрөөс хэрэгжүүлж байгаа зарим бодлого хөтөлбөрт хөрөнгө санхүүтэй холбоотой хүндрэл үүсч байгааг уламжилж өгөхийг тус Хөдөлмөрийн хэлтсийнхэн сайдын зөвлөхөөс хүслээ. Мөн хэлтсийнхээ байрыг томруулах шаардлагатай байгаа аж.

Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр Баянхонгор аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцсаны дараа  Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй танилцлаа.

Баянхонгор аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 1963 онд байгуулагдсан Монголын ууган сургалтын төвүүдийн нэг юм. Нийт 1180 суралцагчтай бөгөөд хөдөө аж ахуй голлосон 16 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байна. Жил ирэх тусам элсэгчдийн тоо нь тогтмол нэмэгдэж байгаа ч сургалтын бааз суурь, дадлага хийх орчин, тоног төхөөрөмж дутагдалтай байгааг сургуулийн захирал Ш.Чимгээ онцлов.

Уг нь улсын хэмжээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд чамгүй их зээл тусламж ирдэг ч чухал хэрэгцээтэй газраа олж өгдөггүй гэдгийг дуулгав. Тухайлбал тус сургуульд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар цахилгааны суурь мэдлэг олгох зориулалттай 500 сая төгрөгийн тоног төхөөрөмж долоон жилийн өмнө иржээ. Гэвч тус сургуульд ийм тоног төхөөрөмж ашиглах шаардлагагүй учир огт хэрэглээгүй гэнэ. Энэ мэтээр мөнгөний гацаа үүсгэж буй тоног төхөөрөмжүүд зөвхөн тус аймагт биш өөр олон аймаг, сумдад байдаг аж. Баянхонгор аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нэгэн онцлог тал нь оюутнуудынхаа хийсэн бүтээлээр музей нээжээ. Музейд тавигдсан бүтээлүүдийг түрээслүүлэхээс гадна зарж борлуулдаг байна.

Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр Баянхонгор аймгийн хөдөлмөрийн хэлтэс, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй ийнхүү танилцаж, тус хоёр байгууллагаас гарсан санал хүсэлтийг яам болон сайдад танилцуулж, анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

С.Мөнхжаргал