Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төрийн өмчит “Дамбо” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Мөнхтуяа хуурамч диплом ашиглаж байжээ. АТГ-аас явуулсан шалгалтаар Монгол Улсын Боловсролын Их сургуулийг 2000-2004 онд цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжлээр суралцаж төгсөөгүй болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн Ж.Мөнхтуяа нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийг төгссөн хуурамч дипломыг ашиглан Дархан дээд сургуулийг төгсч “Боловсрол судлалын магистр” зэргийн диплом авсан нь Дээд боловсролын тухай хуулийг зөрчсөн явдал юм.
Ж.Мөнхтуяагийн гаргасан зөрчилд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад албан бичиг хүргүүлсэн байна.