m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.28 03:39
39
"Олон улсын залуу циркчдийн наадам"-ыг зохион байгуулна

Монгол циркийн 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд "Олон улсын залуу циркчдийн наадам"-ыг ирэх аравдугаар сарын 12-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Наадамд Монгол, Өвөр Монгол, Япон, Казахстан, ОХУ, Бурият, Швейцарь, Вьетнам, Якут зэрэг орны циркчид оролцох юм.

Спорт, урлагийн олон төрлийг өөртөө шингээсэн, мөн ямар ч тайлбар, орчуулгагүйгээр ойлгож болох онцлогтой цирк хэмээх урлаг Монгол Улсад 1930-аад оны дунд үеэс хөгжиж эхэлсэн бөгөөд 1941 оны долдугаар сарын 9-нд Яармагийн задгай циркэд анхны бүрэн хэмжээний тоглолтоо хийж байсан юм.

Тэрхүү тэмдэглэлт өдрөөс хойш 70 жил өнгөрөхөд монгол циркчид дэлхийн таван тивд мөрөө гаргаж, олон улсын тавцанд баттай байр сууриа эзлээд байгаа билээ. Манай жүжигчид энэ хугацаанд циркийн уламжлалт төрлүүдийг эх орондоо хөгжүүлэхээс гадна уран нугаралт, хүнд жингийн төрлийг энэ урлагийн бие даасан нэгэн төрөл болгон гаргаж ирсэн байна.

Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Л.Цогзолмаа, Төрийн шагналт, ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Д.Дамдин, Төрийн шагналт, ардын зураач Л.Намхайцэрэн нарын манай улсын урлаг, спортын талбарт нэрээ дуурсгасан олон алдартан циркийн манежнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ.