m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.28 03:55
46
“Улаанбаатар Арт Фейр-2015” үргэлжилж байна

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёлын аялал жуулчлал, соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, олон нийтэд урлагийн боловсрол олгох зорилгоор “Улаанбаатар Арт Фейр-2015” дүрслэх урлагийн үзэсгэлэнг есдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд  зохион байгуулж байна. 

Ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, хамтран зохион байгуулагчаар Монголын Урчуудын Эвлэл, “Profile agency” тус тус ажиллаж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Мобиком” корпараци оролцож байна.

Энэхүү үзэсгэлэнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй урлагийн галерей, үзэсгэлэнгийн танхимууд, уран баримал уран дархны урлан, чөлөөт уран бүтээлчид оролцож өөрсдийн шилдэг бүтээлүүдээ олон нийтэд танилцуулж байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн ангийн оюутнууд дүрслэх урлагийн тухай цуврал сургалтыг  нийт 35 сургуульд зохион байгуулахын зэрэгцээ олон улсын тэмцээнээс гранпри хүртсэл зургаан уран бүтээлчийн бүтээлүүдийг нийслэлийн томоохон мэдээллийн самбаруудад хэвлэн тавьж олны хүртээл болгох юм.

Монголын Урчуудын эвлэлийн хорооны Арт галерей, Монголын Уран зургийн галерей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей гэсэн гурван газарт мэргэжлийн уран бүтээлчид “Уран зургийн орчин үеийн чиг хандлага” “Дүрслэх урлаг ба кино” зэрэг сонирхолтой сэдвүүдээр лекц тавих аж.