m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.28 06:05
51
Нийслэлийн зарим дүүрэгт гэмт хэргийн дуудлага буурчээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Энэ хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурч, Баянгол, Сүхбаатар, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт өссөн үзүүлэлттэй гарчээ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд өнгөрсөн 21 хоногтой харьцуулахад нийт дуудлага 19,2 хувиар өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага  7,5 хувиар, захиргааны зөрчил 13,9 хувиар  буурсан байна. Захиргааны  2337 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллаж, 2141 иргэнийг 6 сая 949 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар, 5 аж ахуй нэгжийг 450 мянган төгрөгийн шийтгэврээр торгож, 19 иргэнийг 7-30 хоногоор баривчлуулсан байна. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон 730 хүнийг саатуулах байранд саатуулж ажиллажээ.

Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гал түймрийн 26, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын 8,  нийт 34  дуудлага иржээ. Гал түймрийн дуудлагыг  өмнөх 21 хоногтой харьцуулахад  12  хувиар өссөн байна.  21 хоногийн хугацаанд  гал түймэр, гамшиг ослоос  26  иргэний амь насыг  аварч,  ард иргэд, аж ахуй нэгжийн  123  сая төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 21 хоногийн хугацаанд нийт 3906 дуудлага ирснээс гэмт хэргийн шинжтэй дуудлага 401 ирж, өмнөх хоногуудтай харьцуулбал 1,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд захиргааны 1940 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 3543 жолоочийг 31 сая 327 мянган төгрөгөөр газар дээр нь торгож захиргааны арга хэмжээ авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн тус дүүргийн замтай ойрхон байрласан 14 сургуулийн орчинд иж бүрэн “School zone” бүс байгуулж, 9 сургуулийн замд стандартын шаардлага хангасан хурд сааруулагчийг хийж байрлуулсан. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнийг гаргуулахгүй байх үүднээс дүүргийн нутагт үүссэн зам, зорчих хэсгийн эвдрэл гэмтлийн талаарх гаргаж,  мэдээллэх тэмдэг 8,  хориглох тэмдэг 5, нэмэлт тэмдэг 2, анхааруулах тэмдэг 4,  нийт сургууль, цэцэрлэгийн ойр орчмоос бусад газарт 19 тэмдгийн захиалгыг  нийслэлийн авто замын газарт хүргүүлжээ.

Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт дуудлага 6,2 хувиар багассан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй дуудлага 19 нэгжээр буюу 5,6 хувиар, захиргааны зөрчил 62 нэгжээр буюу 20 хувиар тус тус багассан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд захиргааны 309 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авч ажилласан. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 4 сая 12 мянган төгрөгөөр торгож шүүхийн шийдвэрээр 3 иргэнийг баривчилж, гэмт хэрэг зөрчилд холбогдсон 639 хүнийг саатуулж ажиллажээ.
 

Сүхбаатар дүүрэгт архи, тамхины тухай  хуулийг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор дүүргийн худалдаа үйлчилгээ, мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран мэдэгдэл 135, санамж 234, зөвлөмж 127, сэрэмжлүүлэг 370 тарааж, ерөнхий боловсролын 19 сургуульд 23 удаа, 1895 хүүхдэд сургалт зохион байгуулж ажиллажээ.
Дүүргийн нутаг дэвсгэрт гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байж болзошгүй 7 буудал, 32 тойрог орчмоор өдөр бүр эргүүл гаргаж хяналт тавьж ажиллаж байна.

Баянгол дүүргийн нөхцөл байдлыг 21 хоногтой харьцуулахад нийт дуудлага  14,5 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй дуудлага 16,5 хувиар өсч, захиргааны 1387 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 393 иргэнийг саатуулах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч үйлчилгээний төлбөрт 1 сая 507 мянган төгрөгийг төлүүлсэн байна. 21 хоногийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 10 гал түймэр гарсан ба үүнээс хог шатсан 5, гэр шатсан 1, орц, хонгилд утаа үүссэн 3, цахилгаан хэрэгсэл галд шатсан нэг тус тус байна.

Хан-Уул дүүргийн хувьд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт дуудлага  10.3 хувиар гэмт хэргийн шинжтэй дуудлага  27.7 хувиар, захиргааны зөрчил 24.3 хувиар буурчээ.

2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Говь” ХХК-ийн урд талын авто зам дээр явган хүний гарцны тэмдэглэл, явган хүний гарц мэдээлэх тэмдэг 2 ширхэг, анхааруулах тэмдэг 2 ширхэгийг тавьсан байна. Мөн 14-р хороо Шувуун фабрикаас Биокомбинатын чиглэлийн хатуу хучилттай замын эхлэл, төгсгөлд стандарт бус том оврын ачааны автомашин явахыг хориглосон 2 ширхэг тэмдэг байрлуулж, Дунд гол, Энхтайваны гүүрний баруун талын авто  замд хэвтээ тэмдэглэгээ хийсэн байна.

Харин Налайх дүүргийн нөхцөл байдлыг өмнөх 14 хоногтой харьцуулахад нийт дуудлага  48.7 хувиар  өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага 94.2 хувиар, захиргааны зөрчил 38.8 хувиар өсчээ. Дүүргийн Засаг даргын захирамжаар  зөвшөөрөлгүй татсан хашааг буулгах, нэвтрэх гарц, орцыг чөлөөлөх ажлыг энэ сарын 02-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн. Уг ажлын хүрээнд дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй баригдсан 31 хашааг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэж, зөрчил арилгуулах тухай мэдэгдлийг 22  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, 3 байршлын орц, гарцыг чөлөөлжээ.

Багахангай дүүрэгт Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 2 дахин, захиргааны зөрчил 1,7 дахин  өссөн байна. Гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 12 хүнийг эрүүлжүүлж, олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 22 хүнийг 160 мянган төгрөгөөр, нийт 53 зөрчилд 270 мянган төгрөгийн торгууль ноогдуулж ажиллажээ.

Багануур дүүргийн нөхцөл байдлыг өмнөх 14 хоногтой харьцуулахад нийт дуудлага  1,9  хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй дуудлага 37,5 хувиар өсч, захиргааны зөрчил 20,5 хувиар тус тус буурчээ. Нийт 42 иргэнд 3109,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ав ажилласан байна. Иргэдэд “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт санамж, зөвлөмжийг өгч ажилласан байна.