m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.28 07:26
41
Тээврийн хэрэгслийн дугуйг хууль бусаар түгжиж хохирол учруулжээ

ШӨХТГ-аас авто машины дугуй түгжихийн шүүх хурлын шийдвэр, авто захуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр, зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний шошгожилт, гарал үүсэл болоод их сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн зэрэг асуудлуудад хяналт шалгалт хийсэн байна. Тус хяналт шалгалтуудын дүнг өнөөдөр олон нийтэд мэдээллээ.  Энэ үеэр  ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.

Тээврийн хэрэгслийн дугуйг хууль бусаар түгжиж, их хэмжээний хохирол учруулжээ

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хууль бусад тооцож, тус шийдвэрийн дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын эцсийн байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234.9 сая төгрөгийн орлогыг хууль бусаар төвлөрүүлж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоожээ.

11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234.9 сая төгрөгийн орлогыг хууль бусаар төвлөрүүлж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулжээ

Тухайлбал, тус шийдвэрээс үүдэн ШӨХТГ-аас иргэдийн эрх ашгийг хамгаалж, үүссэн хохирлыг нөхөн барагдуулах ажлыг зохион байгуулж, уг журмыг хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 24-ний өдөр хэлэлцээ илт хууль бусад тооцсон байна. Мөн автомашин ачсаны улмаас иргэдэд хууль бус төлбөр ногдуулсан хэрэг гарч, үүний анхан шатны шүүх хурал ирэх сарын 03-ны өдөр болох аж.

-Дээр дурдсан хохирлын тоо баримт өнгөрсөн хоёрдугаар сарын эцсийн тоо баримт юм байна. Үүнээс хойш ШӨХТГ-т үүнтэй төстэй гомдол ирсэн үү?

-Нэмж гомдол санал ирж байгаа. Тус гомдлыг тус бүрд нь тэмдэглэж аваад, нийт хэдэн иргэнд хичнээн төгрөгийн хохирол учирсныг тооцоолоод, улмаар иргэдийг хохиролгүй болгох ажлыг давхар зохион байгуулж байна.

Хичнээн төгрөгийн хохирол учирсныг тооцоолоод, улмаар иргэдийг хохиролгүй болгох ажлыг давхар зохион байгуулна

-Тус журмыг илт хууль бусад тооцсоныг дугуй түгжигч компаниудад мэдэгдсэн үү?

-Мэдэгдлийг дугуй түгжигч компани тус бүрт хүргүүлсэн. Түүнчлэн захиргааны арга хэмжээ авна. Тодруулбал, нийт 16 аж ахуйн нэгж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гартал арга хэмжээ авахыг түр түдгэлзүүлсэн байгаа.

Захиргааны арга хэмжээ авна

“Авто худалдааны цогцолбор” нь аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хөнджээ

Нийслэлд “Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулж, ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох шийдвэр гарсан. Үүний дагуу тус чиглэлийн худалдаа эрхлэгчид, МҮХАҮТ-ын дэргэдэх захуудын үйл ажиллагааг дэмжих зөвлөлөөс ШӨХТГ-т гомдол ирүүлсэн байна. Тус гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрчээ. Нэгдүгээрт, хуульд заасан үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан. Тухайлбал, эдгээр захуудын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль, дүрэм журам, холбогдох стандартуудыг зөрчсөн нь тогтоогоогүй. Хоёрдугаарт, агаар болон хөрсний бохирдлоос сэргийлэх гэсэн үндэслэлийг тавьсан боловч мэргэжлийн байгууллагаас агаар болон хөрсний бохирдолд ямар байдлаар нөлөөлж байгаа талаарх тодорхой дүгнэлтийг гаргаагүй.

-Аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хөндсөн гэсэн. Тухайлбал, ямар заалтуудыг зөрчсөн бэ?

-Бидний зүгээс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж байгаа. Бусад авто захуудыг нүүлгэн шилжүүлж, авто худалдааны цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаа нь сайшаалтай. Гэхдээ нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр аж ахуй эрхлэгчдийн хууль заасан эрх ашгийг хөндөх, хязгаарлахад чиглэгдсэн хэмээн үзэж байгаа юм. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д “Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хягаарласан”, 13.2.3-т “Тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсвэл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн”, 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг тус тус зөрчсөн.

Бидний зүгээс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж байгаа

-Аж ахуй эрхлэгчид гомдол гаргасны дагуу хяналт шалгалт хийсэн гэсэн. Нийт хэчнээн иргэн гомдол гаргасан бэ?

-“Даа хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Старт” зэрэг автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаалах төвийн аж ахуй эрхлэгчид гомдол гаргасан гэж хэлж болно.