m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.29 01:32
325
Халуун рашаант Хужирт сум

Улсын нийслэл Улаанбаатар хотоос 380 км, аймгийнхаа төвөөс 84 км зайд байрладаг Хужирт сумыг “Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг зорин очлоо. Нийт 6500 гаруй хүн амтай Хужирт нь ус ундаргын дээд болсон рашаанаараа алдартай бөгөөд өдгөө 5-6 халуун рашаан сувилал тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Халуун рашаан сувилалаас гадна тус сумынхны шүтэн дээдэлдэг зүйлийн нэг нь Шунхлай уул юм.

Шунхлай уулын домгоос цухас дурдахад, эрт дээр үед энд хүн амьтан цөөнтэй, ой мод, ан амьтан элбэгтэй газар байжээ. Байгалийн цогцолборт энэ сайхан газар цагаан морьтой өвгөн, эмгэн хоёр амь зуун, өвгөн нь ан гөрөө хийдэг байж.

Өвгөний нэрийг Шунхлай гэнэ. Өвгөн нэг өдөр анд явж байтал баруун уулнаас нь нэг доголон буга бууж ирээд голын зүүн хөвөөнд хэвтээд өгч гэнэ. Өвгөн түүнийг намнах гэж ойртон очтол буга айсан шинжгүй хэвтээд л байсанд алалгүй орхиод явжээ. Хэдэн  өдрийн дараа нөгөө буга доголохоо болиод явжээ. Шунхлай өвгөн эмгэндээ учир явдлаа хэлж хэвтэж байсан газар нь очиж үзвэл намаг шалбаагтай, дарь хүхэр үнэртсэн халуун устай жижиг тойром байжээ. Өвгөний хөл байнга өвддөг байж. Тэгээд бугын хөлийг эдгээсэн тул тустай биз гэж хөлөө дүрээд авахад хөл нь эдгэрчээ. Өвгөн эмгэн хоёр баяр хөөр болж усны учрыг нутгийхандаа хэлсэнд өвчин эмгэгтэй улс цугларан өөрсдийн өвчинг эдгээх болжээ.
Өвгөн Шунхлай насанд дарагдаж, бие барж, цагаан морь нь үхжээ. Ингээд уг рашааны хойд уулыг өвгөний нэрээр нэрлэн тэр уулан дээрээ цагаан морины толгойг нь тавьж тахисан домогтой юм.

Өдгөө Хужирт сум халуун рашаанаараа олныг эдгээж буй олон сувилалтайн хажуугаар  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид буюу баялаг бүтээж буй 30 гаруй үйлдвэр, цех байдаг.

2010 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Буман сувд” ХХК сумынхаа иргэдийг шинэхэн талхаар тасралтгүй хангадаг болжээ. Өмнө нь Хужирт сумын иргэд хотоос талхаа зөөн авчруулдаг байжээ. Ингэснээр хуучин талх идэхээ больсон тус сумын иргэд ч тун баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Бидний дараагийн уулзсан баялаг бүтээгчид бол зөгийчид. Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 50 бүл зөгий авч хоёр сарын хугацаанд 61 бүл болтол нь өсгөж нийт 350 литр цэвэр зөгийн бал хурааж аймаг, сумдынхаа иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж байна. Мөн 9.6 га газарт арав гаруй төрлийн мод үржүүлж, төрөлх нутагтаа болон нийслэл хотод үрсэлгээгээ тарьж цэвэр агаар бэлэглэдэг аж.

Түүнчлэн Хужирт сум нь гэрийн модоороо хэзээний алдартай гэдэг бөгөөд анх удаа углуургатай, заадалтай тооныг тус сумын иргэн Г.Отгонболд хийж, хот суурин газар луу гэрээ борлуулдаг аж.

42 жилийн турш гутал оёж ирсэн Хужирт сумын иргэн П.Нарантуяаг энэхүү төсөлдөө онцолж байна. Өвлийн, хүүхдийн, эрэгтэй, эмэгтэй том хүний, цагаан улт, буриад зэрэг олон төрлийн гутлыг мэргэжлийн түвшинд хийдэг тэдний гутлын цех өөрсдийн бүтээгдэхүүнээ хамгийн чанартай хэмээн ам бардам хэлж чадна гэсэн. 

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг халуун рашаант Хужирт сумын жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй уулзаж ажил үйлстэй нь танилцлаа.

Д.Тэмүүлэн