m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.29 06:29
256
Г.Отгонболд: Миний хийсэн гэрийг сумынхан маань бүгд мэднэ

Хужирт сум эртнээс гэрийн модоороо алдартай бөгөөд өвөг дээдэс, уран гартан мужаан сийлбэрчдийнхээ шийрийг хатаахаар хэсэг залуус хамтарч, гэрийн мод үйлдвэрлэж байгаа аж. Тэдний үйлдвэрлэж буй гэрийн тооно нь углуургатай, заадалтай гэдгээрээ бусдаас давуу талтай аж.   Тус сумын өрхийн үйлдвэрлэгч Г.Отгонболдтой ярилцлаа.

Тэдний үйлдвэрлэж буй гэрийн тооно нь углуургатай, заадалтай гэдгээрээ бусдаас давуу талтай

- Хэзээнээс гэрийн мод хийж эхэлсэн бэ?

- Энэ үйлдвэрлэлээ 2006 оноос явуулж эхэлсэн. Манай цехийн үйл ажиллагаа болоод бүтээгдэхүүний чанарыг манайхан мэднэ. Манай сум эрт дээр үеэс гэрийн мод, модон бүтээгдэхүүнийг өндөр чанартай хийж гүйцэтгэдэг байсан. Мөн Хужирт суманд улсын томоохонд тооцогдох мод бэлтгэх үйлдвэр ажиллаж байсан. Тэнд манай аав, ээж ажиллаж байсан учраас үе удмаараа гэрийн мод үйлдвэрлэж ирсэн.

Манай цехийн үйл ажиллагаа болоод бүтээгдэхүүний чанарыг манайхан мэднэ

- Одоогоор хэчнээн өрхийн, хэдэн хүн ажиллаж байна?

- Өдгөө гурван өрхийн таван хүн ажиллаж байна.

- Танай гэрийн мод юугаараа онцлог, давуу талтай вэ?

- Манайх бусад гэрийн модыг бодвол харьцангуй олон давуу талтай. Жишээ нь тооно гэхэд углуургатай, усны хаялгатай, бат бөх гэдгээрээ давуу. Унь, ханыг цуулбар модоор хийдэг. Хаалга гэхэд дээр үеийн хээ угалзтайгаас  гадна үйлдвэрийн стандарт хэмжээгээр нь хийдэг.

- Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хаагуур борлуулж байна вэ?

- Хийсэн гэрийн мод, бүтээгдэхүүнээ зэргэлдээх сум болон Улаанбаатар, Дархан хотуудад борлуулж байна. Манай бүтээгдэхүүнийг Хужирт сумын иргэд сайн мэддэг.

Манай бүтээгдэхүүнийг Хужирт сумын иргэд сайн мэддэг

- Захиалга ихтэй үед хэчнээн гэрийн мод үйлдвэрлэдэг вэ?

- 7-8 дугаар саруудад буюу найр наадам, хурим ихтэй үед сардаа 10-аас дээш гэр үйлдвэрлэж байна.  

- Ер нь гэрийн мод хийхэд хэчнээн шат дамжлага явагддаг юм бэ?

- Нэг гэрийн мод хийхэд хэсэг хүмүүс нь модоо үйлдвэрлээд, нэг айл нь цулгуй будгаа тавиад, дараагийн айл нь хээлнэ. Тэгээд хаалга хийхэд нэг хүнээр дамжаад, дараа нь тооныг нь бас нэг хүн дангаараа хийдэг. Хамгийн сүүлд эрээлж эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно гэсэн үг.

Хамгийн сүүлд эрээлж эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно

- Танай хийж байгаа гэр хэдэн жилийн настай вэ?

- Мэдээж монгол гэр бол дээр үеэсээ залгамжлаад ирсэн манай нэг өв соёл юм. Тэр ч утгаараа гэрийн тооно, хаалга маш чанартай байх шаардлагатай байдаг. Манайх энэ хоёр дээрээ илүү баталгаа өгч чаддаг.

- Хужирт суманд өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд боломж нөхцөл хэр байна. Мэдээж цаашдаа үйлдвэрлэлээ илүү өргөтгөх зорилттой ажиллаж байгаа байх?

- Одоогоор сумандаа үйлдвэрлэлээ эрхлээд явахад боломжийн байна. Гэхдээ түүхий эд, материал тал дээр бага зэрэг асуудал тулгардаг. Мэдээж цаашдаа үйлдвэрлэлээ өргөжүүлж, энд дээр үеийн, миний аав ээжийн үед ажиллаж байсан үйлдвэрийн хэмжээнд хүрчих юмсан гэсэн зорилго, хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна.

Үйлдвэрийн хэмжээнд хүрчих юмсан гэсэн зорилго, хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна

- Түүхий эдээ хаанаас татдаг вэ?

- Бат-Өлзий сумаас болон Хөвсгөл аймгаас гол түүхий эдээ авч байна.

- Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд ямар нэг зээл тусламжид хамрагдаж байв уу. Төр засгаас та бүгдийг хэр дэмжин ажиллаж байна?

- Жижиг дунд үйлдвэрийн болон бизнесийн зээлд хамрагдаж байсан. Зээл авахад тулгамддаг гол асуудал гэвэл хугацаа богино, барьцаа хөрөнгө тал дээр хэцүү байдаг. Хүү бага, хугацаа урттай зээл бидэн шиг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хамгийн их хэрэгтэй байгаа юм.  

- “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг танай суманд ажиллаад, танай үйлдвэрийг зорьж ирсэнд ямар сэтгэгдэлтэй байна?

- Мэдээж баяртай байлгүй яах вэ. Манай залуучууд сүүлийн үед үнэхээр юм хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй болсон байна, хийж ч чаддаг болсон байна. Энэ бүгдийг урамшуулж, сурталчилж өгч байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг хамт олонд талархал илэрхийлж байна.

                                    Өрхийн үйлдвэрлэгч Хужирт сумын иргэн Г.Отгонболд

                                                                             Утас: 96888563

Д.Тэмүүлэн