m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.29 07:17
152
Ашигт малтмалын газрыг АТГ-т шалгуулна

Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмаа зөрчиж, иргэд, аж ахуйн нэгжид чирэгдэл учруулж, төрийн албан хаагчид хүнд суртал гаргаж байгаа талаар өнөөдөр “Баян газрын хишиг” ХХК болоод бусад компанийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газраас Ховд аймгийн Алтай сумын Богч талбайд сонгон шалгаруулалт явуулсан байна. Тус өдөр 17.00 цаг хүртэл сонгон шалгаруулалтын материалыг хүлээж авна гэсэн боловч 16.00 цагаас эхлэн материалуудыг хүлээж авсан бөгөөд материал хүлээж авах  сүүлийн хугацаа болоогүй байхад буюу 16:55 цагт ахлах мэргэжилтэн Г.Пүрэвжав гарч ирээд материалаа өгөөгүй хүмүүст хандаж “Та нар түр гараад хүлээж бай, материалуудыг чинь бүгдийг нь хүлээж авна” гэж хэлээд хаалгаа гаднаас нь түгжээд гарсан байна.  Түүний энэхүү үйлдлийг компаниудын хуулийн зөвлөхүүд ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлыг бий болгосон хэмээн буруутгаж байгаа аж.

Компаниудын хуулийн зөвлөхүүд ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлыг бий болгосон хэмээн буруутгаж байгаа аж

 Мөн түүнчлэн сонгон шалгаруулалтад оролцох гэж буй компаниудын материалыг хүлээн авахдаа эхний компаниудад 5-15 минутыг зарцуулж байсан бол сүүлийн компаниудад 1-2 минутыг л зарцуулж байсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7-д зааснаар “Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчиж байгаад гомдолтой байгаагаа мэдэгджээ.

Түүнчлэн тэдний мэдээлснээр компаниудад ирүүлсэн сонгон шалгаруулалтын урилган дээр “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу үнэлнэ” гэж заасан боловч үнэлгээ хийхдээ “Уул уурхайн сайдын 2015 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон журмын дагуу” үнэлгээ хийсэн гэж мэдээлэв. Ийнхүү үнэлгээний зөрүүтэй байдлаас үүдэн 5-6 компани хасагдаж, 10 гаруй компани материалаа өгч чадаагүй байна. Энэ талаар “Баян газрын хишиг” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Сугараас тодрууллаа.

-Та бүхэн Ашигт малтмалын газарт дахин хүсэлт тавьж үзсэн үү?

-Хүсэлт тавих боломж олгоогүй. 16:55 цагт ахлах мэргэжилтэн Л.Пүрэвжав гэдэг хүн гарч ирээд биднийг гадаа хүлээж бай, материалуудыг чинь авна гэж хэлээд гадаа тамхи татаад зогсчихсон. Тэгээд түүнээс хойш өрөөгөө дахиж онгойлгоогүй, материал авах сүүлийн хугацаа дууссан гэх хариултыг өгсөн. Энэ бол яах аргагүй ашиг сонирхлын зөрчилдөөн үүссэн. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө оруулах ёстой компаниудыг хамруулаад, бусдыг нь хаалганы гадаа үлдээсэн шударга бус хэрэг болж өнгөрсөн.

-Энэхүү асуудалд яаралтай арга хэмжээ авна гэсэн. Ямар арга хэмжээ авах вэ?

-Бид өнөөдөр Ашигт малтмалын газрыг Уул уурхайн яам, ШӨТХГ, Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар мэдэгдэл хүргүүлсэн.

Ашигт малтмалын газрыг Уул уурхайн яам, ШӨТХГ, Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар мэдэгдэл хүргүүлсэн

-Тэр өдөр нийт хэдэн компани материалаа өгч чадсан бэ?

-Нийт долоон компани материалаа өгч, 16 компани өгч чадаагүй.