m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.29 08:34
83
Ж.Төрсайхан:Биднийг луйвардаж орох оронгүй болгоно гэж мэдсэнгүй

2013 оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Цэцэгмаа гэгч нөхөр А.Бат-Эрдэнэтэй хамтран Сонгино-Хайрхан дүүргийн нэгдүгээр хорооны 77-ийн 10-ийн а,б тоотын хоёр айлын  хашааны газрын нэг талыг нь хүргэн дүү болох Ж.Төрсайханд дөрвөн сая төгрөгөөр заржээ. Ж.Төрсайхан тус газарт 30 сая төгрөгөөр үнэлэгдэх байшин барьсан аж. Гэтэл "Хас"банкнаас тэдэнтэй холбогдож 10 а-гийн оршин суугч С.Цэцэгмаа газар, хашаа байшинг барьцаалж 2014 оны зургаадугаар сард банкнаас 44 сая төгрөгийн зээл авсан ч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй Турк улс руу оргон зайлсан байна.  Тиймээс зээлийг нь төл, эсвэл байшингаасаа гар гэсэн байна. Ж.Төрсайхан энэ талаар ярихдаа “Тухайн үед би газрынхаа гэрчилгээг авья гэж удаа дараа хэлж байсан ч удахгүй өгнө л гэдэг байсан. Би ч гэсэн муу зүйл саналгүй өгөх байлгүй дээ гэж бодож явсан. Эхнэрийнхээ төрсөн эгчийг биднийг луйвардаад орох оронгүй болгоно гэж яаж мэдэх вэ дээ. Хамгийн аймшигтай нь миний 30 гаруй сая төгрөгөөр барьж босгосон байшинг минь бидэнд мэдэгдэлгүйгээр өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байсан. Хэдийгээр одоохондоо бид байшиндаа амьдарч байгаа ч алдахад хүрээд байна. Би долоон удаа биендээ мэс хүргэж, 1991 оноос хойш группт орж, улсаас халамж үйлчилгээ авч ирсэн. 0-13 насны дөрвөн хүүхэдтэй хүн. Тэгээд бүгдээрээ гудамжинд гарах дээрээ тулаад байсан болохоор “Иргэдийн шударга шүүх” ТББ-д хандаж, тусламж хүссэн. Үүний хариуд тус ТББ-ынхан бидэнд тусалж хууль зүйн туслалцаа үзүүлж байгаад баяртай байна” гэсэн юм.

Мөн энэ талаар “Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтаас тодрууллаа.

-Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэсэн. Хохирогч өмч хөрөнгөө хадгалж үлдэх боломж бий юу?

-Хохирогчдын хувьд орон гэрээсээ хөөгдөх дээрээ тулаад байна, Тиймээс тэдэнд тусална уу гэсэн хүсэлтийг бидэнд тавьсан. Бид болсон үйл явдлыг судалж үзээд хууль зүйн хүрээнд энэ хүнийг өөрийн хөрөнгөө авч үлдэх бүрэн боломжтой гэж үзсэн учраас хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа.

-Анх цагдаа болон хуулийн байгууллагад хандахад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж ярьж байсан?

-Анх цагдаагийн байгууллагад хэргийг мэдэгдэхэд С.Цэцэгмаа, А.Бат-Эрдэнэ нарыг гэм буруутай болохыг тогтоосон боловч гэмт хэрэгт тооцох хугацаа нь өнгөрсөн байсан. Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх болоод эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах үндэслэлгүй гэж үзсэн юм билээ. Тиймээс бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан.