m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.29 10:47
29
Отгонтэнгэр Хайрханы бэлд Ардчилсан хүчнийхэн чуулав

Отгонтэнгэр хайрханы бэлд Ардчилсан хүчнийхэн чуулав. Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялаад ердөө 25 жил өнгөрчээ. Үүнээс өмнөх 70 жилд монголчууд үндсэндээ урд хөршөөсөө бүх талаараа хамааралтай байв. Үүнийг өнөөдрийн 25 настнууд тэр бүр мэдэхгүй. Энэ хугацаанд ардчиллыг хөгжүүлж, шинэчлэх ажил нийгмийн салбар бүрт тасралтгүй явж ирлээ. Үүний нэг хэсэг нь Ардчилсан хүчний холбоо төрийн бус байгууллага юм. Тэд " Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье" гэсэн уриатай. Хэрхэн шинэчлэх шийдлээ олоод харчихсан, шинэчлэлийн зүг тэмүүлж буй мянга мянган зүрх энэ холбоонд нэгджээ. Саяхан Зүүн болон Төвийн бүсийн чуулганаа Хэнтий, Булган аймагт амжилттай зохион байгуулаад ирсэн тус холбооныхон Баруун бүсийн чуулганаа Завхан аймгийн Орхон суманд зохион байгууллаа. Чуулганд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн 700 гаруй төлөөлөгчид оролцож, шинэчлэлийн асуудлаар санал солилцсон юм. Энэ талаар Ардчилсан хүчний холбооны ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батхуяг хэлэхдээ "Өнөөдөр Монгол Улсын 21 аймаг засмал замаар холбогдож, аймаг бүрт мянган айлын орон сууцны хороолол баригдаж байна. Дэд бүтцийн хувьд өнөөдөр бүх аймгууд эрчим хүчинд холбогдчихлоо. Ардчилал ялаад 25 жил болоход ардчилагчид хоёр дахь удаагаа л төр барьж байна. Энэ хугацаа богино боловч бодитой шинэчлэлүүдийг зоригтой хийж чадсан он жилүүд байсан. Орон сууц, газар хувьчлах, малыг малчдад нь өмчлүүлэх зэрэг бодитой ажлыг ардчилагчид л төр барихдаа хийсэн. Эдийн засгийн реформ хийж арилжааны банкуудыг өнөөдрийн түвшинд ажиллах боломжийг тэд л зоригтой хийсэн. Ард түмэн энэ бүхний үр шимийг хангалттай хүртэж байгаа гэж ойлгодог. Сүүлийн гурван жил засаглахдаа аймгуудыг дэд бүтцээр нь бүрэн хангах зорилт тавиад ажилласан, түүндээ ч хүрч байна. Үүнийг үнэлж, ардчиллаа үнэ цэнэтэй байлгах цаг нь иржээ. Энэ үйлсэд Ардчилсан хүчний холбоо ТББ туг нь болж явах ёстой гэж ойлгож байгаа" гэсэн юм. Харин УИХ, Засгийн газрын гишүүн, Ардчилсан хүчний холбоо ТББ-ын ерөнхийлөгч С. Эрдэнэ "Өнөөдрийн залуус ардчиллын үнэ цэнийг умартаад байх шиг. Ардчилал бидэнд тийм ч амар хялбар замаар ирээгүй. Одоогоос хорин таван жилийн өмнө хорвоод мэндлэгсэд ардчиллын мөн чанарыг төдийлэн гүнзгий ойлгохгүй байна. Энэ бол үгээ хэлэх, үг хэлэх эрхийнхээ төлөө нэгдэж чадах тийм л боломжийн төлөө тэмцсэн хувьсгал байлаа. "Тусгаар тогтносон" гэдэг үгийг тунхагийн шинжтэй хэлж байсан монголчууд маань жинхэнэ бие даасан тусгаар тогтнолоо ардчиллаар л олж авч чадсан юм шүү" гэж байв. Тийм ээ, Ардчилал өөрөө үнэ цэнэтэй бас хэврэг. Эрхэмлэх мөн улам бүр ардчилалыг төгөлдөршүүлэх үүргийг энэ нийгэмд амьдарч байгаа хүн болгон хүлээдэг. Өнөөдөр нам бусчууд төрийн байгууллагад ажиллаж байгаа залуус үзэл бодлоороо нэгдэж үгээ хэлэх боломж хаалттай. Гэхдээ энэ л боломжийг олгож нэгэн төрийн бус байгууллага таван жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан нь Ардчилсан хүчний холбоо байв. 21 аймаг 330 суманд салбар зөвлөлтэй тус холбоо иргэдийн дуу хоолойг дэмжихдээ бүх талаар анхаарч ажилладаг юм. Ардчилсан хүчний холбоо ТББ энэ таван жилийн хугацаанд 17 удаагийн бүсийн чуулганыг зохион байгуулжээ. Хамгийн сүүлд Завхан аймгийн Отгон сум Отгонтэнгэр хайрханы бэлд баруун бүсийн чуулганаа таван аймгийг оролцуулан хийсэн нь энэ. Энд үзэл бодлоороо нэгдсэн залуус Монголоо шинэчлэхийн төлөө Монголынхоо маргаашийг өөрчлөхийн төлөө оюун бодлоо уралдуулан гурав хоног чуулсан юм. Нам бусчууд төрийн байгууллагад ажилладаг өндөр боловсролтой залуус чуулгануудад идэвхтэй оролцож, үзэл бодлоо солилцсон юм. Магадгүй энэ л өнөөдөр Монголоо шинэчлэх боломж бас гарц байж мэдэх юм. Отгонтэнгэр хайрханы бэлд болсон чуулга уулзалтад залуусаас гарах санал санаачлага болгон үнэтэй байсан. Өнгөрсөн 17 чуулга уулзалтаас гарсан санал болгон бодитойгоор хэрэгжихээр бодлогын түвшинд яригдаж байгаа. Хамгийн сүүлд гэхэд Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачилсан нь өдгөө нийгэмд хүлээлт үүсгээд байгаа билээ. Түүнчлэн Сум дундын нислэгийг сэргээх төслийг Завхан аймгийн Орхон сумын иргэд ч дэмжиж байгаагаа илэрхийлж байв Иргэдээс гарч байгаа саналд тулгуурласан хууль хөрсөн дээрээ буухдаа ч амархан. Бодолдоо дарагдан улсынхаа хөгжлийг уруудаж байна гэж суух нь зөв шийдэл биш гэдэг л энэ билээ. Эсвэл ганцаараа цахим засаглалд дарагдан бухимдлаа тав гурван үгэнд холбож улс орны болохгүй бүтэхгүйг дуудан ухаантай царайлах нь эх орныхоо эзэн болж хөгжилд хувь нэмэр оруулж байгаа хэрэг биш юм. Харин үзэл бодол нэгтэй залуустай санаа бодлоо уралдуулж, улс орныхоо болохгүй байгааг болгохын тулд ярилцаж бодлогын түвшинд дуу хоолойгоо хүргэх нь зөв гарц бас шийдэл гэдгийн тод жишээ энэ. Намд наалддаггүй улстөр лүү урвадаггүй болохоор ардчилсан хүчний холбооны залуус нэг л өөртөө итгэлтэй бардам. Тэд клуб маягаар бүтцээ зохион байгуулсан нь хүртэл залуусыг хүссэн клубдээ орж хөгжих боломжийг нь нээлттэй үлдээсэн хэрэг ажээ. Клубээсээ ч залуус ихийг суралцаж шинийг мэддэг гэдгээ хэлж байв. Ийнхүү Ардчилсан хүчний холбооны баруун бүсийн чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө. Отгонтэнгэр хайрханы бэлд залуус ололт амжилтаа ярьж гурван үдэш чуулахдаа шилдэгээ тодруулж шинэчлэлийн төлөө гар гараа барилцлаа. Үдэлтийн дуу аялахгүй үргэлжид Монголоо шинэчлэх тэмүүлэл дүүрэн болохоор тэд баяр баясалтай багахан гунигтай оройг үдэж маргааш нь их хайрхандаа улс Монголынхоо заяа буяныг даатган залбирцгаасан юм. Ардчилсан хүчний холбооны дараагийн зогсоол Баянхонгор. Тэнд говийн бүсийнхэн цуглана бас чуулна.