m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.30 01:21
830
Памбагар цагаан маань 10 жилдээ толгой өвтгөхгүй

Сумандаа 17 жилийн турш гутлын үйлдвэрлэл эрхэлж буй “Бүрэн баян хайрхан” компани өөрсдийн үйлдвэрлэсэн гутландаа нүүр бардам 10 жилийн баталгаа өгдөг. Цэвэр үхрийн шир ашиглан тоноглон урладаг уг бүтээгдэхүүн хэдийнэ хот, хөдөөгийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн гутал болоод амжжээ.

“Бүрэн баян хайрхан” компанийн захирал Д.Бүрэнбат

-Анх ямар гутал хийж эхэлсэн бэ?

-1998 оноос нохой гутал гэрээр хийж эхэлсэн. Гурван жилийн өмнөөс эсгийн гутлыг томж, тоноглож эхэлсэн. Памбагар гутлыг “Нарантуул” захаас аваад нутгийн иргэдэд тоноглож зардаг гэх үү дээ. Ноднингоос “Нарантуул” захад бөөндөн, зарж байгаа. Нарийн цагаан гутлыг ноднин жилээс эхэлж хийсэн.

-Та үйлдвэртээ ямар дамжлага дээр ажилладаг вэ?

-Би хэлбэрт оруулах сүүлийн гоёл чимэглэлийг нь хариуцаж хийдэг. 1998 оноос ажиллаж эхэлсэн. Ер нь эхнэрээ дагаад л гутал хийж сурсандаа.

“Бүрэн баян хайрхан” компани өөрсдийн үйлдвэрлэсэн гутландаа нүүр бардам 10 жилийн баталгаа өгдөг.

-Хүйтний улирал хаяанд иржээ. Энэ жил захиалга хэр байна?

-Бид 50 гаруй гутал үйлдвэрлээд байна. Ер нь жил бүрийн өвлийн эхэн сараас хоёрдугаар  сар хүртэл борлуулалт сайн байна шүү. Памбагар гутлыг есдүгээр сараас захын наймаачид, малчид авч эхэлдэг.

-Материалаа хотоос татдаг уу?

-Зах дээрээс гутлуудаа аваад уллаж зардаг. Бүх материалаа “Нарантуул” захаас авна. Тоногны  арьс ширийг 15 мянгаар захаас аваад бүгдийг нь гар аргаар хийдэг. Гар аргаар улласнаар гутал чанар сайтай, олон жилийн эдэлгээтэй болдог юм.

Гар аргаар улласнаар гутал чанар сайтай, олон жилийн эдэлгээтэй болдог юм.

-Ер нь эдэлгээний хувьд хэдэн жилийн баталгаа өгч чадах вэ?

-Арван жилдээ толгой өвтгөхгүй өмсөнө шүү. Ер нь улласан гутал эдэлгээ сайтай байдаг. Ноднин, уржнан нийтдээ 200 памбагар гутал уллаж зарсан. Одоогийн байдлаар 40-50 хос гутал хийгээд байна.

-Нутгийн иргэдээс гадна өөр сумдад борлуулдаг уу?

-Бүрд, Сансар, Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангайд зардаг.

-Энэ үйлдвэрлэлийг эрхэлснээр таны амьдралд хэр нэмэртэй байна?

-Нэмэртэй байлгүй яах вэ. Гутлынхаа хажуугаар бид улирлын чанартайгаар цайны газар ажиллуулдаг.

-Буриад гутал хийдэг гэсэн байх аа. Ер нь өөр гутал хийх боломж, бололцоо байгаа юу?

-Эсгүүр материал аваад,хэвэнд оруулаад гар аргаар уллаж хийдэг. Ээтэн гутал, нохой гутал хийх санаа бий. Одоогоор төсөв мөнгө л дутагдаад байна.

-Өдөрт  хэчнээн гутал гаргадаг вэ?

-Өдөртөө арваад гутал гаргана даа.

-Танай гутлын давуу тал нь уллагаандаа байна уу?

-Тийм шүү. Эсгий гутал цасанд нордог учраас шир хийж өгч байна гэсэн үг. Тоногийг арьсаар хийгээд арантал гээд зузаан яваад, дахин тоногны арьс оруулан гурван давхар  ширээр улласан гэсэн үг. Манайх гоёлын тоног хийдгээрээ давуу талтай. Нарийн цагаан шахалт сайтай учраас малчид гоёлдоо их авч өмсдөг юм. Нарийн цагааныг үйлдвэрийн аргаар памбагар цагааныг гар аргаар хийж байна гэсэн үг.

-Санхүүгийн эх үүсвэрээ хаанаас авч байв?

-Зээл тусламжид хамрагдаж байгаагүй. Өөрсдийн хувийн зардлаар үйлдвэрлэлээ босгосон. Харин энэ жил Сум хөгжүүлэх санд нэг төсөл бичиж өгөх санаа байгаа.

Утас: 99767766 99381463