m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.30 06:58
82
Д.Коркиний нэрэмжит тэмцээнд манай бөхчүүд барилдана

Ирэх сарын 3-4-ний өдөр ОХУ-ын Якут улсын Якутск хотын “Триумф” спортын ордонд болох ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан ҮIII дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээнд манай бөхчүүд зодоглохоор болжээ.

Энэ удаа тус тэмцээнд үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар дасгалжуулагчаар, МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр шүүгчээр оролцож байна. 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, 86 кг-ын жинд спортын мастер Л.Төртогтох нар зодоглоно.

Манай бөхчүүд тус тэмцээнд анхдугаар тэмцээнээс нь эхлэн тасралтгүй оролцож Э.Бэхбаяр, Б.Анхбаяр нар алтан медаль хүртэж байсан, өнгөрсөн жил Б.Нямдорж, Б.Батзориг, П.Өнөрбат, Н.Золбоо нар хүрэл медаль авсан билээ.

Тэмцээнд Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Болгар, Бразил, БНХАУ, Грек, Киргиз, Израиль, Латви, Македони, Молдав, Монгол, Румын, Серб, Тажик, Турк, Узбек, Украин, Финланд, Хорват, Эстони зэрэг 25 гадаад орон, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Буриад, Дагестан, Кабардино-Балкари, Тува, Хойд Осет, Якут улс, Кемерово муж, Красноярскийн хязгаарын бөхчүүд зодоглох юм.  

Тэмцээний шагналын сан 64 мянган ам.доллар үүнд алтан медаль хүртсэн бөхчүүдэд 3, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд  2, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд  1, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 1 мянган ам.долларын урамшуулал олгох юм байна.