m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.01 05:43
82
Дуу хуурын өлгийн нутгийн баялаг бүтээгчид анхдугаар чуулганаа амжилттай зохион байгууллаа

 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос орон нутаг дахь уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Энэ удаагийн уулзалт зөвлөгөөн дуу хуурын өлгий нутаг Дундговь аймагт энэ сарын 29-ны өдөр болж өнгөрлөө. Уулзалт зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Дундговь аймгийн засаг дарга С.Од-Эрдэнэ, Сайнцагаан сумын Засаг дарга М.Баянсан, Хөдөлмөрийн хэлтэс болон баялаг бүтээгчдийн 70 орчим төлөөлөл оролцлоо.

                                                                                               

         Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны уулзалт зөвлөгөөн манай аймагт амжилттай болж өнгөрлөө. Орон нутгийн зүгээс жижиг дунд үйдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлого Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны бодлоготой нийцэж байгаа бидний ажилд чухал юм. Тийм учраас ирэх оныг Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарлахаар шийдвэрлэж байна. Ингэснээр Дундговь аймгийн баялаг бүтээгчдийг үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой.

 

 

 

     “Талын цагаан эсгий” ХХК-ийн менежер Ш.Батбаатар

Эсгий үйлдвэрлэлийг эрхлээд тав дахь жилдээ явуулж байна. Дундговь аймагт баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, салбар зөвлөл байгуулсанд таатай байна. Орон нутгийн баялаг бүтээгчдийг уулзуулж, бидний тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гээд үр дүнтэй уулзалт боллоо гэж дүгнэж байна.

Үйлдвэр эрхлэгч нарт тулгамдаж буй асуудал цөөнгүй. Татварын хуулийн зарим зүйл заалтад зайлшгүй шаардлага оруулах хэрэгтэй. Төрийн байгууллагууд болох мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, татварын байгууллагууд зөвлөгөө өгөх, тусалж ажиллах тал дээр хамтран ажиллавал илүү үр дүнтэй.

 

        “Дамиан хүү” ХХК-ийн захирал Ж.Эрхэмбаяр

Баялаг бүтээгч хүний хувьд энэхүү төсөл хөтөлбөрийг цаг үеэ олсон ажил хэмээн дүгнэж байна. Би хувиараа оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг. Энэ удаагийн зөвлөгөөнд оролцож Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүнээр элслээ. Уулзалт зөвлөгөөнөөр өөрсдийн салбар зөвлөлийг байгуулж тэргүүнээ томиллоо. Ингэснээр Дундговь аймгийн баялаг бүтээгчид нэгдэн, хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулах шинэ гарц нээгдлээ гэж дүгнэж байна.

 

 

Салбар зөвлөлийн анхдугаар уулзалт зөвлөгөөний үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд 40 орчим баялаг бүтээгчид гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авлаа.

Баялаг бүтээгчид энэ удаагийн уулзалт зөвлөгөөнөөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх зорилтын талаар сонирхож байсан юм. Мөн аймагт төдийгүй сумдад салбар зөвлөл байгуулахыг дэмжиж байгуулахар тохиролцлоо. Уг уулзалт, зөвлөгөөний үеэр Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүний томилж ажлын үүрэг чилглэлийг өгсөн юм. Салбар зөвлөлийн тэргүүнд дөрвөн хүн өрсөлдөж “Бүрд” ХХК-ийн захирал Ц.Отгонбаяр олонхийн саналаар Дундговь аймгийн салбар зөвлөлийн тэргүүнээр томилогдлоо.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Ц.Отгонбаяр

 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр томилогдлоо. Баялаг бүтээгчидтэй хамтран ажиллаж Дундговь аймгийн брэнд бүтээгдэхүүнийг гаргах бодол хамгийн түрүүнд төрж байна. Цаашид баялаг бүтээгчидтэй хамтарч олон үйл ажиллагааг зохион байгуулж аймгийнхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулж ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

 

    Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Дундговь аймаг дахь анхдугаар уулзалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уулзалт зөвлөгөөнд Дундговь аймгийн баялаг бүтээгчидтэй идэвхитэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, олон асуудлыг зангилааг тайлж чадлаа.  Уулзалт, зөвлөгөөнөөр салбар зөвлөлийн тэргүүнийг ардчилсан санал хураалт явуулж томиллоо. Мөн аймгийн Засаг дарга 2016 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлахаа мэдэгдлээ.

Орон нутагт баялаг бүтээгчид манай холбооны үйл ажиллагааг сонирхсон асуултыг олноор асуулаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны цаашдын үйл ажиллагааны зорилт, гишүүн болохын давуу тал зэрэг асуудалд хариулт өгч харилцан ярилцаж чадлаа. Баялаг бүтээгчдэд тулгамдаж буй асуудал нь маркетинг, борлуулалт байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөр орон даяар хэрэгжээд явж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, дотоодын зах зээлийг хамгаалах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх баялаг бүтээгчдийг дэмжих зорилготойгоор байгуулагдсан. Тийм учраас орон нутагт ажиллаж тэдний санал бодлыг сонсож ажиллалаа.