m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.01 08:07
46
УИХ-ын дарга "Амгалан"амаржих газрын нээлтэд оролцлоо

Баянзүрх дүүргийн "Амгалан" амаржих газрын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Амаржих газрын нээлтийн үеэр УИХ-ын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм хүндэт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан албан хаагчид аа,

Энд хүрэлцэн ирсэн Зочид төлөөлөгчид өө,

Өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Баянзүрх дүүргийн 150 ортой “Амгалан” амаржих газар ашиглалтад орж байна. Энэ бол төр засгаас эх хүүхдийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн гэж бодож байна.

Монгол Улс эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах, эндэгдлийг тогтвортой бууруулж, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд төрөлтийн тоо сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж байгаа. 2000 онд жилд 40.000 эх төрж байсан бол 2014 онд 81.000 болсон. Төрөлтийн тоо 15 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин нэмэгдэж 2015 онд монголчууд бид 3 сая дахь иргэнээ өлгийдөж авсан билээ.

Эх нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 6 дахин бууруулж чадлаа. Энэ бүхэн эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч та бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм.

150 ортой “Амгалан” амаржих газрын шинэ барилга ашиглалтад орсоноор Баянзүрх дүүргийн эхчүүдэд ая тухтай, эсэн мэнд амаржих таатай орчин бүрдэж байгаа төдийгүй эмч, сувилагчдын ажиллах нөхцөл ч сайжирна. Тэр хэмжээгээр Та бүхэнд тавигдах шаардлага бас өндөржих болно. Тийм болохоор эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэн  мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, дэлхийн шилдэг технологиос тасралтгүй суралцах хэрэгтэй.

Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар амаржих газрын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх асуудалд ч онцгой анхаарах хэрэгтэй. Амаржих газрыг ашиглалтад оруулахтай холбогдсон төсөв хөрөнгийг шийдвэрлэхэд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Ганхуяг, Ж.Батзандан нар багагүй хүчин чармайлт гаргасаныг онцлон тэмдэглэж байна.

Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Эрүүл хүүхэд өсөж торних нь Монголын ирээдүй. Тийм учраас эх хүүхдийн эрүүл мэндийн асуудалд төр засаг онцгой анхаарах ёстой. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Хан-Уул дүүрэгт баригдаж эхэлсэн 300 ортой Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг яаралтай ашиглалтад оруулах талаар Эрүүл мэнд спортын яам, нийслэлийн Засаг Даргын Тамгын газар хамтран дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ төв ашиглалтад орсноор нийслэлийн эх хүүхдийн эмнэлгийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэж үзэж байгаа.

Та бүхэнд дахин баяр хүргээд, эх үрсийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа Монголын нийт эмч, сувилагч, асрагч нартаа ажлын амжилт, амьдралын  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болтугай.