m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.02 01:46
230
Малтай, хурдтай Хайрхандулаан сум

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн төрж, өссөн нутаг гэдгээрээ алдартай Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас таван баялаг бүтээгчийг тодруулан орон даяар сурталчлан танилцуулахаар “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан аяны дөрөө мулталсан юм.

Хангай, говь хосолсон Хайрхандулаан сум 1931 онд байгуулагджээ. Улстөрчид, эрдэмтэн зохиолчид олонтой тус суманд өнөө цагийн эрхэм төрийн түшээ болох М.Батчимэг, Г.Шийлэгдамба нар төрж, өссөн юм байна. Мөн хоёр шаргаараа алдартай Э.Эрдэнэчулуун манлай бас энэ сумын унаган хүү гэнэ. Мэдээж Монгол Улсын тод манлай уяачтай учир аймагтаа хурдаараа тэргүүлэх нь тодорхой. Аймгийн алдарт уяач 30 байдаг бол сумын алдарт уяач 50 бий.

Төв зам дагуу байрладаг нь том давуу тал учраас сүүлийн хэдэн жил тус сум ихэд хурдацтай хөгжиж байгаа гэнэ. Хоёрхон жилийн дотор тавьсан сумын төвийн засмал замаас өгсүүлээд томоохон бүтээн байгуулалтын ажлууд нь үүнийг  илтгэж байна лээ. Зам дагаж хөгжил гэдэг аргагүй л үнэн үг юм даа.

Хөдөө орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн гол хөшүүрэг, амин сүнс нь гэж хэлж болохоор ганц зүйл бол Сум хөгжүүлэх сангийн зээл юм. Бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардаад байдаггүй уг зээлийг бидний очсон сум болгоны баялаг бүтээгчид авсан байсан нь тэдэнд хэр өгөөжөө өгснийг  харуулж байлаа. Харин ганц сул тал нь зээлийн хэмжээ бага байдаг асуудал юм. Сум хөгжүүлэх сангаас хувь хүн найм хүртэлх сая төгрөгийн зээл авах эрхтэй бол аж ахуйн нэгжийн зээл авах дээд хэмжээ нь 15 сая төгрөг. Тийм учраас хангалттай хэмжээнд үйлдвэрлэл явуулахад хүрэлцдэггүй юм байна. Хайрхандулаан сумын хувьд мөн л ийм байдал ажиглагдаж байлаа.

Тус суманд мал аж ахуй хөгжсөн гэдгээр нь манай төслийн баг мянгат  малчин Ч.Дорж гуайг онцлон сурвалжилсны дараа дөрвөн өөр чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг  баялаг бүтээгчидтэй танилцсан юм. Ийнхүү малтай, хурдтай Хайрхандулаан суманд ажилласны дараа Хархорин сумыг зорилоо.