m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.02 02:20
52
УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймгийн Зэрэг суманд ажиллав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр 2015 оны аравдугаар сарын 01-ний өдөр  Зэрэг суманд ажиллав.

Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэгдэж, УИХ-ын чуулганаар батлагдсан хуулиуд болон 2015 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх зарим хууль тогтоомжийн талаар танилцууллаа.

Тус сумын засаг дарга Д.Октябрь, хууль сурталчилах ажлыг сумын хэмжээнд графикийн дагуу хийж байна. Түүнээс гадна орон нутгийн иргэд телевизийн 78 сувгийг үзэж мэдээ, мэдээллийг тогтмол авч байна. Тиймдээ ч малчид УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хууль, тогтоомжийн талаар төрийн албан хаагчдаас ч илүү мэдээлэлтэй байдаг тухай ярьж байлаа.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Батцогт сумын төвийн болон Бургасан багийн ахмад настнуудтай уулзаж ахмадын баярын мэнд хүргэсэн юм. Зэрэг сум 3100 хүн амтай, 300 орчим ахмадтай. Тэдгээрийн гурван ахмад нь 90-ээс дээш настай, 19 нь 80-аас дээш настай, 59 нь 70-аас дээш настай, нийт ахмадуудын 50 хувь нь өндөр настан байдаг байна. Орон нутагт ахмадуудын хувьд тэтгэврийн бага, залуус нь аав, ээж, эмээ, өвөөгийнхөө тэтгэврийг урьдчилан зээлж, тэтгэврээр нь амьдардаг гээд олон бэрхшээл тулгамдаж буй. Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах, Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталж өгөх хүсэлтийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад уламжилсан юм.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн баригдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч буй. УИХ-ын 2015 оны намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Ахмадуудад нэн шаардлагатай энэхүү хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтсан болохыг танилцуулсан.