m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.02 02:21
499
Ч.Дорж: Сүүлийн үед мал маллах хүн олдохгүй байна

Монголчууд эрт дээр үеэсээ л мал дагавал ам тосдоно гэдгийг өөрсдийн биеэр үлгэрлэж ирсэн баялаг түүхтэй ард түмэн. Тэр ч утгаараа хөгшин залуу үл хамааран таван хошуу малынхаа төлөө бүхнээ зориулан зүтгэдэг байсан биз ээ. Тийм л агуу хөдөлмөрч хүмүүсийн нэг нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын мянгат малчин Ч.Дорж юм. Түүний хань Л.Дуламсүрэн 60 хэдий гарсан ч олон малын хажуугаар тахианы аж ахуй эрхэлдэг гайхалтай хөдөлмөрч хүн бий. Найман хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай хоёр буурайг “Баялаг бүтээгчдийн дэмжинэ” төслийн баг онцлон сурвалжлахаар  намаржаандаа байхад нь зорьж очсон юм.

Хайрхандулаан сумын IV багийн мянгат малчин Ч.Дорж

-Сайхан намаржиж байна уу, та. Мал маллаж эхэлсэн үүх түүхээс тань яриагаа эхэлье?

-Сайхан намаржиж байна аа. Та бүхэн сайн явж ирэв үү. Би цэргийн алба хаасныхаа дараа Өвөрхангай аймгийн Худалдааны комбинатад няраваар ажиллаж байгаад 1991 онд сумандаа мал маллахаар ирж байлаа. Манай аав насаараа мал маллаж байгаад 94 нас хүрээд өөд болсон. Харин манай хөгшний аав Улсын аварга малчин хүн байлаа. Бид хоёр тэгэхээр аль аль талын малчин удамтай, багадаа мал маллаж өссөн хүмүүс дээ.

-Тэр үед  няравынхаа ажлыг яагаад ер нь орхисон юм бэ?

-Зах зээлийн хэцүүхэн он жилүүдэд хамгийн боломжийн ажил нь мал маллах байсан л даа. Тэгэхээр амьдралын шаардлагаар малчин болсон гэх үү дээ. Гэхдээ бидний хэн хэн маань л малд хайртай, маллаж ч байсан болохоор хөдөө гарахаар шийдэж байлаа. Анх хонь, ямаа нийлсэн 20 гаруй бог мал аваад ирж байсан. Одоо бод, бог нийлсэн 1000-аад малтайгаас 60 гаруй нь адуу бусад нь хонь, ямаа. Бас тахианы аж ахуй эрхэлж байна. Манай хөгшин олон жил тахиа маллаад одоо ч гаршиж байх шиг байна. Бас хүнснийхээ хэрэгцээнд ногоо тарьдаг.

-Та малынхаа тоонд анхаардаг уу, эсвэл чанарт нь илүү ач холбогдол өгдөг үү?

-Ер нь хүн өөрсдийнхөө хүн бүл, амьдралынхаа нөхцөл байдалд тааруулан малынхаа тоог барих хэрэгтэй юм шиг санагддаг. Миний хувьд сүүлийн үед малынхаа тоог цөөлөөд байгаа. Бид хоёрт олон мал маллах чадал байхгүй шүү дээ. Тэгээд ч малынхаа идээ цагааг боловсруулж зарахгүйгээр зөвхөн өөрсдийнхөө хэрэгцээнд хураадаг болохоор 800-1000 мал яг л болдог юм. Бас их цөөн болчихвол ашиг шим нь амьдралд хүрэлцэхгүй хэцүү. Бид хоёр хүүхдүүдийнхээ идэх махыг эндээс явуулдаг. Манайх 500 гаруй ямаанаас жилд 8-10 сая төгрөгийн ноолуур авдаг. Тэр мөнгөөр нь мал, тахианы тэжээл аваад таардаг юм. Тэтгэвэр авдаг болохоор амьдрал ахуйд хүрэлцээд л байх юм.

-Мал маллахын хажуугаар тахианы аж ахуй эрхлэх төвөгтэй биш үү?

-Анх 1995 онд тахиа худалдан авч аж ахуй эрхлэх болсон. Тахиа учиргүй тээр дараа болдоггүй юм аа. Нүүхэд л ачих нь хэцүү болохоос биш, зудны үеэр малд жинхэнэ хэрэгтэй шүү дээ. Зуднаар тахианы өндгийг жаахан устай холиод малд өгөхөд маш хурдан сэргэж, хүч тамир ордог. Тахианы өндөг идсэн малын гол нь харлана гэж байдаггүй. Манайх бас тахиагаа Төв аймгийн Борнуур, Өвөрхангай аймгийн Уянга болон өөрийн сумандаа зарж борлуулдаг юм. Дардаг тахиаг 15000 төгрөгөөр зардаг. Их олон тахиа болчихвол тэжээж дийлэхгүй учир тоог нь 50-60-ын хооронд барьдаг. Харин өндгийг нь борлуулж амжихгүй байна. Удахгүй тахиагаа зөөврийн байртай болгох бодол бий.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээс тань малчин хүн бий юү?

-Найман хүүхэдтэй. Хоёр нь бид хоёртой хамт мал маллаж байгаад ач, зээ нар маань сургуульд суух болоод өөрсдөө ч ажилд орж төв рүү орсон. Бусад нь энд тэнд л янз бүрийн л ажил хийж амьдарч байна даа.

-Туслах малчинтай юу?

-Ер нь туслах малчин авч байгаагүй шүү. Би 69, манай хөгшин 67 настай. Би малаа хариуцаад, хөгшин маань гэр орны ажлаа хийгээд хоёулхнаа өвөлжчихөөд л байдаг юм. Одоо бидний насныхан төвд амьдарвал ач зээ нараа харах л ажил хийнэ шүү дээ. Хөгшин бид хоёр төвд амьдрах сонирхолгүй хүмүүс дээ /инээв/. Туслах малчин авъя гэсэн ч өнөө цагт мал малладаг хүн олдохгүй байна.

Туслах малчин авъя гэсэн ч өнөө цагт мал малладаг хүн олдохгүй байна

-Сүүлийн үед малчдын залгамж халаа алдагдаж байна гэж их ярих болж. Та энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Ганц залуу малчин ч биш ерөнхийдөө мал маллах дур сонирхолтой хүн байхгүй байна. Зарим нэг залуучуудыг ажиглаад байхад мал дээр гараад овоо хэдэн жил болоод малынх нь тоо нь ч өсөж, амьдрал нь сайжирч эхэлж байтал бүгдийг нь зараад сумын төв рүү шигдчих юм. Тэгэхээр одоо яалтай ч билээ. Тэгээд хөгшин мань мэт хэлж, зөвлөхөөр тэдэнд ад үзэгдэх юм байна шүү дээ. Залуу малчид цөөрөөд байгаа бас нэг үндсэн шалтгаан бол манай улсын боловсролын системийн буруу бодлого байна л даа. Юу гэхээр, залуухан малчин гэр бүлийн хүүхэд нь сургуульд орохоор эхнэр нь харж, хандахаар сумын төв рүү орчихдог. Тэгээд нөхөр нь ганцаараа хөдөө мал дээрээ үлдэж өвөлжин л зүтгэнэ шүү дээ. Энэ байдал нь цаашдаа гэр бүл салах, эсвэл малаа зараад юм уу, айлд тавиад гэр бүлээрээ суурин газар бараадах хэцүү асуудал үүсгэдэг. Хэрвээ хүүхдээ найман настайд нь сургуульд оруулдаг байсан бол сургуулийн дотуур байранд өгч болно шүү дээ. Харин зургаахан настай бие даагаагүй хүүхдийг эцэг, эх нь харж хандахаас өөр арга байхгүй. Энэ бол манай боловсролын системийн том гажуудал юм. Үнэхээр л зургаан настай сургуульд оруулах шаардлагатай байгаа юм бол ойрхон багийн төвүүдэд боломжийн сургалт, тохилог орчинтой сургууль байгуулж өгөх хэрэгтэй.

-Мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого танд хэр нийцтэй санагддаг вэ?

-Мал аж ахуйн талаар төрөөс чадах чинээгээрээ дэмжиж байгаа гэж боддог. Тухайлбал, малын хөлийн татвар авахгүй байна шүү дээ. Гэхдээ залуу малчдын халааг бэлдэх тал дээр анхаарч, бодлого боловсруулмаар санагддаг юм. Бас малын тэжээлийн үнийг барьдаг баймаар байна.

-Залуучуудад хандаж та юу хэлэх вэ?

-Залуу хүн бүх хүчээ дайчлан хүссэн зүйлдээ зүтгэвэл амжилтад хүрдэг. Тиймээс залуучууд минь хөдөлмөрч байгаарай. Залхуу зан олон зүйлийг алдахад хүргэдэг юм шүү. Газар дэлхийгээ ухаж байхаар ундардаг баялаг болох мал аж ахуйгаа өсгөж, үржүүлээрэй гэж захиж хэлье дээ.

Газар дэлхийгээ ухаж байхаар ундардаг баялаг болох мал аж ахуйгаа өсгөж, үржүүлээрэй гэж захиж хэлье дээ.

-Танд их баярлалаа. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Манайхыг зорин ирсэн та бүхэнд маш их баярлаж байна. Танай төслийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Утас: 98704662, 93077332