m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.02 02:51
635
Төмрийн хаягдал ашиглан сувинер хийдэг

Бүхэл бүтэн 20 жил гагнуур хийнэ гэдэг бас л хүнд хөдөлмөр шүү. Гэтэл “Гагнуур хийхгүй л бол зүгээр сууж чадахаа байчихсан” гэж хэнэггүйхэн ярих Ж.Банзрагч харин ч “Сайхан ажил” хэмээн өөрийнхөө үйлдвэрлэлийг магтаад авсан. Түүний хийсэн гүйдэг төмөр хаалга тус сумын бараг бүх айлд байдаг юм билээ. Сумандаа “Дархан Банзрагч” нэрээрээ алдаршсан энэ эрхэм баялаг бүтээгчийн ур чадварыг орон нутгийн удирдлагууд нь өндрөөр үнэлж, 2013 оны сумын “Шилдэг иргэн” –ээр өргөмжилсөн байна.

Төмрийн дархан Ж.Банзрагч

-Та хэзээнээс дарх хийж эхэлсэн юм бэ?

-Аав маань алт, мөнгөний дархан хүн байсан. Би 1979 онд цэргийн алба хааж ирснийхээ дараа Сэлэнгэ аймгийн Хүдэрийн сангийн аж ахуйд гурван жил тракторын жолоочоор ажиллаж байгаад төрсөн нутагтаа ирээд мөн л тракторын жолоочоор  15 жил ажилласан. Зах зээл эхэлсэн үед буюу 1995 оноос хувиараа гагнуур хийх болсон.

-Одоо төмрөөр ямар бүтээгдэхүүн хийж байна вэ?

-Ихэвчлэн хашааны гүйдэг хаалга хийнэ. Бүх төрлийн гагнуур хийж байна. Малчдын захиалгаар малын тамга хийж өгдөг. Бас төмрийн жижиг үлдэгдэл, хаягдал ашиглан сувинер хийдэг. Машины ойр зуурын жижиг засварын үйлчилгээ бас үзүүлнэ.

Малчдын захиалгаар малын тамга хийж өгдөг. Бас төмрийн жижиг үлдэгдэл, хаягдал ашиглан сувинер хийдэг

-Таны хийсэн бүтээлүүд сум орон нутагт тань нэлээд байдаг юм байна. Томоохноос нь дурьдахгүй юу?

-Миний хийсэн бүтээл манай суманд их олон бий. Тухайлбал, сургуулийн биеийн тамирын талбайн бүх төмөр хэрэгсэл, сумын угтах, үдэх хаалга болон сүүдрэвч, хоёр гүүр, албан байгууллагуудын хашааг хийсэн. Тэгээд сумын бараг бүх айлын хашааны хаалгыг хийсэн байх шүү.

-Өөрийн хийсэн бүтээлүүдийг харахаар ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Мэдээж сайхан. Хүн хийсэн бүтээсэн зүйлтэй байх ямар гоё гээч. Үр хүүхэд, ач зээ нартаа хожим аавынх нь, өвөөгийнх нь хийсэн бүтээл гэж хэлэх сайхан шүү дээ. Ялангуяа төмөр эдлэл урт удаан жилийн эдэлгээтэй байдаг болохоор миний үр удам үеийн үед хийж бүтээсэн зүйлүүдээр минь бахархаж явах болов уу.

сургуулийн биеийн тамирын талбайн бүх төмөр хэрэгсэл, сумын угтах, үдэх хаалга болон сүүдрэвч, хоёр гүүр, албан байгууллагуудын хашааг хийсэн

-Тэгэлгүй яах вэ. Та хашааны гүйдэг хаалганы загварыг өөрөө гаргадаг юм уу, эсвэл хүмүүс өөрсдөө захиалдаг уу?

-Би өөрөө гаргадаг. Харин хэмжээг нь захиалагч өөрөө хэлдэг. Нэг хаалга хийхэд дор хаяж тав хоног болно шүү.

-Нэг хаалганд хэчнээн килограмм төмөр ордог юм бэ?

-Нэг хаалганд их төмөр орно шүү. Зангидах төмөр нь 34 метр, шон хийх нь зургаан метр, өнгөлгөөний нимгэн төмөр 7.5 метр, доод зам нь зургаан метр байдаг.

-Хаалга хийх төмрөө хаанаас авдаг вэ?

-Улаанбаатар хотоос татдаг. Нэг татахдаа бага хэмжээгээр авдаг. Тэгэхгүй бол төмө хүндээс гадна миний мөнгөний боломж 3-5 хаалганы төмөр аваад л таардаг. Хаалганы нимгэн төмөр нэг метр нь 6-7 мянган төгрөгийн үнэтэй байдаг бол шон хийдэг төмөр нь 7500 төгрөгийн үнэтэй.

-Нэг хаалгаа хэдэн төгрөгөөр зардаг вэ?

-Дундаж хэмжээтэй хаалгаа 400-500 мянган төгрөгөөр зардаг. Хэмжээнээс нь шалтгаалаад янз бүрийн үнээр борлуулдаг.

-Гагнуураас өөр ямар нэгэн үйлдвэрлэл эрхэлдэг үү?

-Дугуй засварын газар ажиллуулдаг. Энэ ажил маань өрхийн амьжиргааны бас нэгэн эх үүсвэр болдог.

-Төмрийн дархан маш хүнд ажил шүү дээ. Шантрах үе гардаг уу?

-Огт шантарч байсангүй. Би төмрөөр юм хийх маш сонирхолтой. Гагнуураа хийхгүй бол зүгээр сууж чадахгүй шүү дээ. Хүмүүст хүнд ажил мэт санагддаг байх. Надад бол үнэхээр сайхан ажил.

-Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье.

Утас: 89604500

С.Мөнхжаргал