m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.02 03:49
280
Самнах машинтай болчихвол аяны хөнжил үйлдвэрлэх бодолтой байна

“Унаган завчир” хоршооны дарга Э.Ганбаатар юм. Анх Гучин-Ус суманд ахынхаа хамтаар эсгий хийдэг байсан тэрбээр гурван жилийн өмнөөс Богд сумын өвсний фондын байранд үйлдвэрлэл явуулж эхэлжээ.

-Хэзээнээс эсгийний үйлдвэрлэл явуулж эхэлсэн бэ?

-Би өмнө нь эсгий, модны үйлдвэрт ажиллаж байгаад 2012 онд ахтайгаа хамтран Гучин-Ус суманд эсгийний цех ажиллуулж байсан. Тэр цехийг нээхийн тулд ах бид хоёр мөнгөө нийлүүлж 20 сая төгрөгийн тоног төхөөрөмж авсан юм. Тэгээд тусдаа үйлдвэрлэл эрхлэхээр болж, эсгий хийдэг машинуудаа хувааж авсан. Энд 2013 онд ирээд Сумын Засаг даргад эсгийний үйлдвэр нээх санаатай байгаагаа хэлтэл энэ өвсний фондын байрыг үнэгүй гаргаж өгч дэмжсэн л дээ. Тэгээд Сум хөгжүүлэх сангаас долоон сая төгрөгийн зээл авч, нэмж тоног төхөөрөмж аваад энэ үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн.

Сумын Засаг даргад эсгийний үйлдвэр нээх санаатай байгаагаа хэлтэл энэ өвсний фондын байрыг үнэгүй гаргаж өгч дэмжсэн

-Яагаад тусдаа үйлдвэрлэл эрхлэх болсон юм бэ. Ахтайгаа хамтраад хийсэн бол арай илүү юм биш үү?

-Тийм л дээ. Амьдралын шаардлагаар хоёр өөр суманд амьдрах хэрэгтэй болсон. Богд суманд эсгийний үйлдвэр байхгүй болохоор зах зээл сайтай юм байна гэж харсан. Үйлдвэрлэлээ дөнгөж эхэлж байхад хүмүүс мэдэхгүй, борлуулалт муу байсан ч жил ирэх бүр олонд танигдаж, одоо зэргэлдээх гурван сумаас хүмүүс ирж захиалга өгдөг.

-Эсгий бол улирлын чанартай үйлдвэрлэл. Ажил зогссон үед эдийн засгийн асуудлаа хэрхэн шийддэг вэ?

-Манайд ажиллаж буй таван хүн бүгдээрээ малчин. Тийм болохоор малаа малладаг. Заримдаа зун эсгийнээс олсон мөнгөө өвлийн цагт янз бүрийн бизнес хийж, эргэлдүүлдэг.

-Жилд нийтдээ хэдэн сарын хугацаанд эсгийний үйлдвэрлэл явуулах боломжтой байдаг вэ?

-Ер нь бол дөрөвхөн  сарын хугацаа л байдаг. Өвөл эсгийгээ хатаах боломжгүй учраас ажил бүрэн зогсооно. Манайх зургаан сараас хийж эхэлдэг. Тэгээд аравдугаар сар хүртэл 400 эсгий хийдэг. Ноосоо манайх гаргавал нэг эсгийг 55000  төгрөг, захиалагч өөрөөсөө гаргасан бол 35000 мянган төгрөгөөр хийж өгдөг. Үйлдвэрлэл явуулах хугацаандаа нийт 10 сая төгрөгийн ашигтай ажилладаг.  

-Алслагдсан суманд жижиг дунд үйлдвэрлэл явуулахад бэрхшээл их тулгардаг биз?

-Тэгэлгүй яах вэ. Тухайлбал, тоног төхөөрөмж эвдэрчихвэл хот руу явж сэлбэг авахаас өөр аргагүй болдог. Хүнд захиад явуулахаар мэдэхгүй учраас буруу сэлбэг аваад ирдэг. Тэгэхээр мөнгө төгрөгийн зардал их гарахаас гадна маш их хугацаа алддаг. Хүн ам цөөн болохоор зах зээл бага шүү дээ.

-Ажилчдаа хэдэн төгрөгөөр цалинжуулдаг вэ?

-Өдрийн 30.000 төгрөгөөр цалинжуулдаг.

-Борлуулалтынхаа асуудлыг хэрхэн шийдэж байна?

-Дандаа захиалгаар хийдэг. Нэг эсгийнд 25 кг ноос ордог. Хүмүүс ноосоо авчраад хийлгэж авдаг юм. Хэдийгээр өөрөө хоньтой байлаа ч ноос худалдан авч, эсгий хийдэг учраас ноос аваад ирсэн хүнд захиалгаар хийж өгөх нь илүү ашигтай байдаг. Хот руу явж эсгийгээ борлуулах нэг арга бий л дээ. Ингэхийн тулд их хэмжээгээр хийж авч явах шаардлага гардаг. Мэдээж олон эсгий хийх бол ноос худалдаж авах хэрэгтэй болно биз дээ. Гэтэл сүүлийн үед ноосны урамшууллаа авахын тулд малчид ихэвчлэн улсын үйлдвэрт ноосоо өгөөд бидэнд олдохоо байсан.

 сүүлийн үед ноосны урамшууллаа авахын тулд малчид ихэвчлэн улсын үйлдвэрт ноосоо өгөөд бидэнд олдохоо байсан

-Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодол бий биз дээ?

-Ойрын үед самнах тоног төхөөрөмж авах бодолтой байна. Самнах машинтай болчихвол аяны хөнжил, эсгий гутал, даллагын уут хийж зарна. Бас эвдэрсэн нэг тоног төхөөрөмжөө өөрчилж, засаад сур элддэг төхөөрөмж хийх гэж байгаа. Үүнийг хийчихвэл бас нэг үйлдвэрлэл нэмэгдэх юм.

Утас: 99636358

С.Мөнхжаргал