m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.02 05:00
113
Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр Дундговь аймгийн МСҮТ-тэй танилцлаа

Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр Дундговь аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь 1974 онд Барилгын ТМС нэртэйгээр анх байгуулагдаж 1990 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон өргөжиж сурагчдад мэргэжлийн ба бүрэн дунд боловсролыг хамт эзэмшүүлж эхэлжээ. 1991 оноос мэргэжлийн чиглэлүүдийг өргөжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 14 чиглэлийн мэргэжлийн боловсрол олгох, ур чадвар эзэмшүүлэх сургалтанд хамруулж байна. Тус сургалтын төвийг 10 мянга гаруй оюутан төгссөн бөгөөд нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажлын байртай болдог байна.

Энэхүү уулзалтын үеэр Сургалтын төвийн захирал Ю.Цолмон Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр сургуулийн өнөөгийн байдал болоод, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, тулгамдаж буй асуудлыг танилцуулсан юм. Энэ жил 14 мэргэжлээр 640 гаруй хүүхдэд мэргэжлийн боловсрол олгох, ур чадвар эзэмшүүлэх сургалтыг явуулж байна. Чадвартай багш, чанартай сургалт, чадамжтай оюутан гэсэн уриатай ажиллаж байгааг танилцууллаа.

Тус төв энэ жил дөрвөн сургалтын цогцолбор бүхий шинэ байрыг ирэх 12 дугаар сарын 1-нд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа танилцууллаа. Харин уг барилгын гадна шугам сүлжээний өргөгч насосны хөрөнгийг тусгагдаагүйн улмаас барилгыг ашиглах боломжгүйд хүрэх болоод байгаа аж. Барилгаас хэмнэгдэж үлдсэн 200 сая гаруй төгрөгийг өргөх насос суурилуулах ажилд зарцуулах эрхийг олговол энэ асуудлыг шийдвэрлэж болохыг сургалтын төвийн удирдлагууд хэллээ. Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр энэхүү асуудлыг сайдад уламжилна гэдгээ уулзалтын үеэр хэллээ.