m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.02 07:27
288
Ц.Түвшинжаргал: Бид импортын бүтээгдэхүүнээс татгалзах цаг болсон

"Төгс үйлчилгээг бид үзүүлнэ" уриатай "Нью Грийн Лайф" компани  Монголын анхны бүрэн автомат барилгын хуурай хольцын үйлдвэрийг байгуулан ажиллаж байна. Тус үйлдвэр хоногт 90-100 тонн таван төрлийн хуурай хольцыг бэлдэж зах зээлд нийлүүлж байна. Хар замаск, гадна өнгөт фасад, хөөсөнцөрийн цавуу, тэгширдэг шал, плитаны цавууг үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрт 30 гаруй хүн жилийн дөрвөн улирлын турш ажлын байраар хангагдан ажиллаж байна.

"Нью Грийн Лайф" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түвшинжаргал

-Барилгын хуурай хольц бүүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон шалтгаанаа тайлбарлахгүй юу?

-Манай улсын барилгын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Үүнийг дагаад барилгын туслах материалын эрэлт, хэрэгцээ нэмэгдсэн. Барилгын компаниуд туслах болон дагалдах материалыг импортоор оруулж ирдэг байсан. Энэ туслах материалыг эх орондоо үйлдвэрлэх боломж байгааг судалж, баялагийг бүтээх үүднээс компаниа байгуулах санаа төрж 2011 оноос барилгын хуурай хольц үйлдвэрлэж эхэлсэн.

-Өнөөдрийн байдлаар хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-2011-2015 он хүртэл манай үйлдвэр гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Бүрэн автомат болсноор  өнөөдрийн байдлаар хар замаск, тэгширдэг шал, хөөсний цавуу, гадна өнгөт фасад, плитаны цавуу зэрэг таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-Бүрэн автомат болсноор үйлдвэрт ямар өөрчлөлт гарсан бэ?

-Хагас автомат үйлдвэртэй байхад өмнөхөөс гурав дахин илүү ажиллаж байсан ч үр бүтээмж нь бага, бүтээгдэхүүний чанар өнөөдрийн түвшинд хүрээгүй байсан. Хоногт 10 тонн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байсан бол  бүрэн автомат болсноор цаг чанарын шаардлага хангасан, 10 тонн барилгын хуурай хольцыг үйлдвэрлэж байна. Үйлдвэр хангалттай хүчин чадлаар ажиллаад эхэлмэгц борлуулалт, түгээлтийн асуудалд илүү анхаарч ажиллах шаардлага бий болсон.

-Компанийн цаашид хэрэгжүүлэх зорилгын талаар сонирхуулахгүй юу?

-Манай компани цаашид бондын хөрөнгө, зээлийн тусламжтайгаар үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж дотоодын барилгын зах зээлд шаардлагатай байгаа хуурай хольцыг 100 хувь ханган ажиллах зорилтыг тавиад байгаа.

-Түүхий эд материалаа хаанаас нийлүүлж байна вэ?

-Барилгын хуурай хольцийн ууган үндэсний компани гэдэг үүднээс түүхий эд материалаа дотоодоос авч хэрэглэхийг эрмэлздэг. Хуурай хольцийн гол түүхий эд болох цементийг “Номуун-Тур” ХХК, элсийг Шувуун-Фабрикийн элсний ордоос авч хэрэглэж байна.

-Танай үйлдвэр хэдэн ажлын байрыг бий болгоод байгаа вэ?

-Манай компани 30 гаруй ажилтантай үйл ажиллагаа байна. Үйлдвэрийн үйл аижллагааг 10 орчим хүн хариуцан ажиллаж байгаа бол борлуулалт, түгээлтэнд 20 гаруй хүн ажилладаг.

-Импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж эхэлсний давуу талыг та юу гэж харж байгаа вэ?

-Бид импортын бүтээгдэхүүнээс татгалзах цаг болсон. Дотооддоо үйлдвэрлэж эхэлснээр эргээд буух эзэн, буцах хаягтай чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг авч хэрэглэж сурч байна. Бид хамтдаа байж баялгийг бүтээснээр эх орны хөгжил цэцэглэлтэнд үйлдвэр эрхлэгчдийн оруулж буй хувь нэмэр гэж боддог.

"Нью Грийн Лайф" ХХК-ийн борлуулатын менежер Э.Зулцэцэг

Манай компанй өнөөдрийн байдлаар 50 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна. Борлуулалт, хүргэлтийн хувьд захиалагчийн хүссэн цаг, хэмжээний дагуу хүргэж өгч үйлчилдэг нь манай компанийн давуу тал.  100 айл, Тэх, 44 гэх мэт барилгын худалдааны төвүүдэд манай гэрээт борлуулагчид ажилладаг.  Бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар борлуулалт нэмэгдэж, энэ жил зургаан мянган тонн бүтээгдэхүүний захиалга аваад ажиллаж байна.