m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 02:46
160
Ц.Отгонбаатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажлын байраар хангадаг

 

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Аргалант” эсгийний цехтэй танилцаж, тус үйлдвэрлэлийн талаар цехийн дарга Ц.Отгонбаатартай ярилцлаа.

-Таныг сумандаа хамгийн анх үйлдвэрийн аргаар эсгий хийж эхэлсэн гэх юм билээ. Тэр үеийн нөхцөл байдал ямархуу байсан бэ?

-Улаанбаатар хотод явж байгаад эсгий үйлдвэрлэдэг хүнтэй танилцсан юм. Тэгээд хөдөө эсгийний хэрэгцээ хэзээд байх юм чинь ямар ч байсан борлуулалтгүй байна гэж байхгүй гэж бодсон л доо. Бас гар аргаар эсгий хийж, хугацаа алдаж байснаас үйлдвэрийн эсгий худалдаж авсан нь хүмүүст илүү дээр болов уу гэж бодсон. Үйлдвэрийн аргаар эсгий яаж хийдгийг би мэдэхгүй учир сумаасаа дөрвөн хүн авч яваад туршлага судлуулсан. 2007 онд өөрөөсөө хөрөнгө гаргаад 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж хотоос авчраад эсгий хийж эхэлсэн дээ.

-Эсгийг ер нь ямар ноосоор хийвэл чанартай болдог юм бэ. Нэг эсгийнд хэдэн кг ноос ордог вэ?

-Хурга болон ахарын ноосоор хийвэл чанартай болно. Нэг эсгийнд 25 кг ноос ордог. Хэмжээний хувьд өргөн нь 180 см-ээс 2 метр, урт нь 4-5 метр байдаг. Таван ханатай монгол гэрийг дан бүрэхэд нийтдээ 10 эсгий ордог юм.

-Ноосоо худалдаж авч эсгий хийдэг үү?

-Үгүй ээ. Манайх захиалгаа дийлдэггүй. Хүмүүс ноосоо авчирч өгөөд эсгий хийлгэж авдаг. Заримдаа өдөрт 10-аас дээш эсгий хийлгэх хүсэлт ирдэг ч бид хоногт түүнээс илүүг үйлдвэрлэх хүчин чадал байдаггүй. Манай сумынхнаас гадна Төгрөг, Богд, Баруунбаян-Улаан сумаас бас захиалга ирдэг. Захиалга байхгүй үед бол нэг кг ноосыг 1000 төгрөгөөр худалдаж аваад эсгий хийж зардаг. Гэхдээ тэгэх зав бараг гарахгүй шүү.

Манайх захиалгаа дийлдэггүй. Хүмүүс ноосоо авчирч өгөөд эсгий хийлгэж авдаг. Заримдаа өдөрт 10-аас дээш эсгий хийлгэх хүсэлт ирдэг ч бид хоногт түүнээс илүүг үйлдвэрлэх хүчин чадал байдаггүй

-Нэг эсгийг хэдэн төгрөгөөр хийж өгдөг вэ?

-Ноосоо авчраад өгвөл 30.000 төгрөгөөр хийнэ. Манайх сард 100 гаруй эсгий үйлдвэрлэдэг.

-Танайх хашаандаа худагтай юм байна. Энэ нь хэр давуу талтай вэ?

-Мэдээж зөөврийн устай бол олон дахин нааш цаашаа явж, өчнөөн хугацаа алдахаас гадна бензин тос их зарцуулна. Эсгий маш нарийн усалгаатай учир худаг хажууд байх нь ажил хөнгөвчлөөд илүү амар байдаг.

-Эсгийний үйлдвэрлэл явуулахад бэрхшээлтэй ямар асуудал тулгардаг вэ?

-Бороотой үед ажил бүрэн зогсдог. Яагаад гэвэл ноос чийг даагаад болдоггүй. Бас тоног төхөөрөмж эвдэрчихвэл сэлбэг олдохгүй хэцүү. Эсгий хэрвээ сиймхий, цоорхой гарвал дахин засаж нөхөх ямар ч боломжгүй болдог хэцүү талтай. Бас улирлын чанартай болохоор өвөл нь өөр ажил хийхгүй бол амьдрал ахуй хэцүүднэ. Би л гэхэд өвлийн цагт хот хоорондын нийтийн тээвэрт явдаг.

-Өвөл эсгий үйлдвэрлэх ямар ч боломж байдаггүй гэж үү?

-Эсгий хатаах төхөөрөмж авчихвал болно л доо. Тэр нь их үнэтэй, 15-20 сая төгрөг байдаг юм билээ.

-Ажилчдаа яаж цалинжуулж байна вэ?

-Нэг эсгийг 2000 төгрөгөөр тооцоод цалинжуулдаг. Сард 250-300 мянган төгрөгийн цалин өгдөг. Манайх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажлын байраар хангадаг. Би хүн ерөөсөө голдоггүй. Ажил хийж чадаж л байвал тэр хүн ямар байх нь чухал биш. Тийм болохоор надад хүмүүс их сайн байдаг юм /инээв/.

Нэг эсгийг 2000 төгрөгөөр тооцоод цалинжуулдаг. Сард 250-300 мянган төгрөгийн цалин өгдөг

-Хүний төлөө гэсэн таны чин сэтгэлийн үзүүрт үргэлж гэрэл асаж байх болтугай. Танд амжилт хүсье.

-Ерөөл бат оршиг. Маш их баярлалаа.

Утас:88329900