m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 04:34
170
Ерөнхий сайд тэргүүтэй долоон хүнийг АТГ-д шалгуулах хүсэлтээ өглөө

Б.Цогтгэрэл тэргүүтэй иргэдийн төлөөлөл шилэн данс хөтлөхгүй байгаа албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өнөөдөр өглөө. Монгол улсын шилэн дансны тухай хуулийн  есдүгээр зүйлийн дагуу иргэний хяналтын үүргээ биелүүлж нэр бүхий долоон хүнийг АТГ, Аудитын байгууллагад шалгуулах болсон байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь Монгол улсын Ерөнхий сайдын зардлын болон Монгол улсын Засгийн газрын нөөц сангийн шилэн дансыг хөтлөөгүй, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Ц.Даваасүрэн, Л.Пүрэвбаатар даргатай "Улаанбаатар төмөр зам"-ын хамт олон, Х.Болор-Эрдэнэ захиралтай "Монголросцветмет" ХХК, Д.Батжавхлан захиралтай Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Ц.Оюундарь захиралтай МҮОНРТ зэрэг байгууллагууд шилэн дансаа хөтлөөгүй байна гэсэн өргөдлийг өгч байгаа юм. 

Б.Цогтгэрэл хэлэхдээ "Эдгээр хүмүүс http://shilendans.gov.mn хаяг дээр орлого, зарлагын тэмдэглэгээг хийх ёстой. Шилэн дансны тухай хууль мөрдөгдөөд 10 сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд шилэн дансаа хөтлөөгүй байгаа. Энэ хаяг дээр тэмдэглэгээ хийгдэхгүй байна. Тийм учраас эхний ээлжинд эдгээр хүмүүсийг холбогдох хуулийн байгууллагуудад шалгуулахаар болсон" гэв. 

Одоогийн байдлаар 200 орчим тэрбум төгрөгийн сэжиг бүхий гүйлгээ болон улсын хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан материалыг цуглуулсан гэнэ

Мөн шилэн дансны гүйлгээгээр сэжиг бүхий асуудлыг холбогдох байгууллагуудад өгөхөөр болсон гэдгийг энэ үеэр мэдэгдлээ. Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ашигласан болон улсын хөрөнгийг шамшигдуулсан үндэслэлийг гаргаж тэдгээр хүмүүсийг шалгуулах аж. Одоогийн байдлаар 200 орчим тэрбум төгрөгийн сэжиг бүхий гүйлгээ болон улсын хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан материалыг цуглуулсан гэнэ. Нийт 83 хуудас материал бүрдүүлээд байгаа юм.