m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 06:02
86
С.Баярцогт: О.Баасанхүү худал ярьж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл  С.Баярцогт энэ талаар өнөөдөр хариу мэдэгдэл хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр ”УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ярьж буй зүйл нь бүгд худал. Тэрээр миний нэр хүндэд халдаж хэвлэлээр ташаа мэдээлэл цацаж байна. Энэ бол цэвэр гүтгэлэг. Харин би баримттай ярина”хэмээлээ.

О.Баасанхүүгийн ярьж буй зүйл нь бүгд худал 

О.Баасанхүү гишүүн түүнийг ажилдаа хариуцлагагүй хандаж төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлаагүй гэх үндэслэлээр огцруулах тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Харин уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэхтэй зэрэгцэн  Үндсэн хуулийн цэц С.Баярцогтыг  өмгөөлсөн шийдвэрийг гаргаж огцруулах асуудалд саад боллоо. Улмаар Засгийн газар Үндсэн хуулийн цэцэд 300 сая төгрөг өгч өөрсдийгөө хамгаалууллаа гэснийг С.Баярцогт үгүйсгэж дараах хариу мэдэгдлийг өглөө.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан хууль сурталчлах үйл ажиллагаанд зориулж Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан Үндсэн хуулийн цэц болон Их Засаг Их сургууль, Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУ-ны сайд зэрэг хэд, хэдэн газарт Засгийн газраас хөрөнгө шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу үндсэн хуулийн цэцэд 300 сая төгрөг шилжүүлэхээр болсон ч одоохондоо шилжүүлээгүй байгаа. Төсвийн байдал хүндрэлтэй байгаа учраас нэг ч төгрөгийг шилжүүлээгүй”гэв.

Төсвийн байдал хүндрэлтэй байгаа учраас нэг ч төгрөгийг шилжүүлээгүй

Мөн тэрбээр “Би есдүгээр сарын 6-нд С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан” хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд О.Баасанхүү гишүүн ярьсан. Тухайн өдөр бүтэн сайн өдөр таарсан. Гэвч УИХ нэг ч удаа амралтын өдөр хуулийн төсөл хүлээж авч байгаагүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү намайг огцруулах шийдвэрийг есдүгээр сарын 8-нд өргөн барьсан. Тиймээс энэ нь ор үндэслэлгүй худал яриа”хэмээлээ.  

УИХ нэг ч удаа амралтын өдөр хуулийн төсөл хүлээж авч байгаагүй