m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 06:12
280
Ундардаг баялаг бүтээгч

Монгол улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явдаг гол салбар бол мэдээж мал аж ахуй. “Өөрөөсөө ундардаг баялаг” хэмээгддэг малыг өсгөн аривжуулж буй малчин түмэн бол мянган мэргэжлийн эзэн агаад нөр их хөдөлмөрийн уурхай юм. Тийм ч учираас “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хамт олон говь нутагт тэмээн сүргээ маллан баялаг бүтээж буй аймгийн сайн малчин В.Пансан гуайг онцлон зочилсон юм.

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын дөрөвдүгээр багийн малчин “Алтан ботгоны эзэн”, аймгийн сайн малчин В.Пансан

Тэмээн сүргийнхээ тоогоор сүүлийн таван жил сумандаа тэргүүлж буй В.Пансан өнөө жил 61 ботго тоолуулан “Алтан ботгоны эзэн”-ээр тодорчээ. Захиргаадалтын гэх тодотголтой нэгдлийн үед тэрбээр жолооч байсан гэдэг. Харин 1990 онд мал хувьд шилжихэд бод, бог нийлсэн 50 гаруй мал хувьчлан авч өсгөсөөр Аймгийн сайн малчин болтлоо зүтгэсэн хүн юм. Урт хөлийн бэлчээртэй, жил өнжиж ботголдог, маллагаа их шаарддаг тэмээг өсгөн адгуулна гэдэг нөр их хөдөлмөр хүч, зориг тэвчээр байдаг болов уу.  Тэрбээр энэ тухайгаа “Хувьчлал эхлэхэд машинаа улсад тушаачихаад хэд хэдэн удаа наймаанд явж үзсэн. Гоё л юм билээ. Гэхдээ би угаасаа малчин удамтай мал маллаж өссөн болохоор тэмээчин болох сонирхол илүү байсан л даа. Ашиг шим, үр өгөөжөөрөө ч мал аж ахуй нь дээр шүү дээ” хэмээн хуучилсан юм.

Малчин хүн малынхаа төлөө л бүхнээ зориулахаас биш хэзээ ч ашиг хардаггүй гэдэг. Харин амьдралын шаардлагаар нядлах, зарж үрэх асуудал байх нь мэдээж. В.Пансан гуай ч бас тийм л жишгээр тэмээнийхээ тоог сүүлийн хэдэн жил 300-д тогтмол барьж байгаа гэнэ. Өмнө нь тэрбээр зөвхөн бог малаа хүнсэнд хэрэглэж, тэмээгээ цөөлөлгүй өсгөж ирсэн ч мал маллах хүч дутмагаас болж тодорхой тоонд барихаас өөр аргагүй болсон аж.

тэмээнийхээ тоог сүүлийн хэдэн жил 300-д тогтмол барьж байгаа 

Орчин үед малаа мотоциклоор хариулдаггүй айл олох гэвэл ёстой нөгөө усан дээр гал асаахтай адил юм болох байх шүү. Харин аймгийн аварга малчин маань үүнийг огт зөвшөөрдөггүй. Тийм ч учраас зуны халуунд тэмээгээ хариулах гэж цөөн тооны адуу малладаг гэсэн. Бас сүү, цагаан идээ элбэг зуны дэлгэр цагт ингээ саадаггүй гэнэ. Учир нь тэмээг тэжээх хэцүү учраас зун нь таргалуулах гээд тавьдаг аж. Тэгээд ч өвөл сүү цагаан идээ ховордоод ирэхээр ингэний сүү харьцангуй өндөр үнэтэй болохоос гадна өтгөн, чанартай болдог юм байна.

ингэний сүү харьцангуй өндөр үнэтэй болохоос гадна өтгөн, чанартай болдог юм байна

Малчин ардын маань хувьд малынхаа ашиг шимийг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж багагүй саад бэрхшээлийг давах шаардлага гардаг. Тухайлбал хөдөөд зах зээл багаас гадна суурин газраас алслагдмал байдаг учраас малчид малаа орхиод хол зам туулан явж идээ цагаагаа борлуулж чаддаггүй. Тэгвэл В.Пансан гуай мах үнэтэй байх үед нь малаа ахиу хэмжээгээр борлуулаад мөнгөө эргэлтэнд оруулдаг байна. Тухайлбал эднийх мал аж ахуйгаасаа олсон орлогоороо сумынхаа төвд зочид буудал, зоогийн газар барьжээ. Мөн сүүлийн хэдэн жил сумынхаа сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрт ингэний хоормог нийлүүлж байгаа юм. Нэг литр хоормогийг 1500 төгрөгөөр үнэлэн долоо хоногт 150 литрийг өгдөг аж. Тэрбээр “Манай сумын сургуульд миний ач, зээ нар болон хамаатан саднын минь хүүхдүүд сурдагаас гадна төрийн байгуулага учраас төсөв их муутай байдаг. Тийм болохоор ах нь хамгийн хямдаар нь бодож өгдөг юм. Тэмээчид буурынхаа бохь энэ тэрийг зараад байдаг юм билээ. Би бол хэрэгтэй гээд сураад ирсэн хүнд нь зүгээр л өгчихдөг” хэмээсэн юм.

В.Пансан гуайнх зургаан хүүхэдтэйгээс дөрөв нь дээд боловсрол эзэмшиж Англи, Герман, Австрали улсуудад суралцаж төгссөн байна. Харин том хүү нь аавыгаа даган мал малладаг аж. Хань Ц.Чимэддолгор нь Технологийн багшаар цөөнгүй жил ажиллаж байсан болохоор тэмээнийхээ ноосоор утас ээрээд ширдэгээ өөрөө ширчихдэг гэсэн шүү. Хүүхдүүд нь хотод амьдардаг болохоор туслах малчин цалинжуулан ажиллуулдаг бөгөөд хоёр ч хүнийг айл гэр болгожээ. Цалин хөлсөө малчинтайгаа тохиролцон мөнгө, эсвэл мал өгдөг гэнэ.

Аймгийн аварга тэмээчнээс малчдын талаар төрөөс баримталж буй бодлого хэр оновчтой байдаг талаар асуухад тэрбээр ”Сүүлийн үед залуу малчдын халаа алдагдаж байгаад их санаа зовж байна. Ийм байдал удаан үргэлжлэх юм бол мал маллах хүнгүй болно шүү дээ. Энэ асуудал дээр төр засгаас анхаармаар санагдах юм. Насаараа мал малласан хүнд ажилласан жилээр нь тооцож төрөөс мөнгөн тэтгэмж олгодог юм уу, эсвэл тэтгэвэр дээр нь нэмэгдэл бодож өгч байвал малчин бидэнд маш том тус дэм болно. Олон малтай хүмүүсийг угаасаа “Улсын сайн малчин”, “Гавьяат малчин”, “Шилдэг малчин” гэх мэтийн цол тэмдэгээр хангалттай шагнаж, урамшуулдаг шүү дээ. Гэтэл зарим нэгэн мөнгөтэй хүн чинь тэр олон малыг худалдаж аваад зарим нь хүмүүс хөлслөөд маллуулчихдаг. Тийм учраас цөөхөн малтай ч гэсэн олон жил малаа маллаж, олон хүүхдээ айл гэр болгон тусад нь гаргасан мундаг хүмүүсийг төрөөс үнэлэх хэрэгтэй.” гэсэн юм.

Байгалийн хатуу ширүүн үзэгдэл нүүрэлчихгүй л бол мал дагасан хүний амьдрал үргэлж дээшлэж байдаг гэлцдэг. Харин В.Пансан гуай ган, зуднаар малаа аварч үлдэх үгүй нь малчин хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэж үздэг. Тэрбээр өөрийнхөө залхуу, арчаагүй зангаа цаг агаарын хэцүү байдал руу чихдэг хүмүүсийг таашаадаггүй гэсэн.

Малын тооноос илүү чанарт анхаардаг болсон өнөө цагийн малчдын жишгийг В.Пансан гуай дагаж, Баянхонгор аймгийн Баянлиг сумаас хос зогдортой буур авч ирж тэмээнийхээ үүлдэр угсааг сайжруулжээ.

Говийн хаан хэмээгддэг тэмээн сүргийн тоо толгой хэдэн жилийн өмнө хоёр зуун мянгаар тоологдож ёстой л “Улаан ном”-д орох шахаж байлаа. Харин В.Пансан гуай шиг хөдөлмөрч тэмээчдийн ач буянаар нэг дахин өссөн юм. Нөр их хөдөлмөрийнхөө үр шимээр баялаг бүтээж яваа В.Пансан болон Монгол орны өнцөг булан бүрт амьдран суугаа малчин түмний минь буянт мал сүрэг түм бумаар өсөх болтугай.

Утас: 96299904, 88538385